Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Улсын начин цол хүртсэн бөхчүүдийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Өмнөговь аймгийн Ноён сумын уугуул Улсын начин Э.Нямааг онцолж байна.
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Өмнөговь аймгийн Ноён сумын уугуул Эрдэнэбатын Нямаа тав давж, Улсын начин цол хүртсэн билээ. Тэрбээр 1992 оны нэгдүгээр сарын 26-нд Өмнөговь аймгийн Ноён суманд төрж өсжээ.Түүний аав Ёндонгийн Эрдэнэбат нь аймгийн арслан цолтой бөх юм.
Аймгийн харцага цолоо 2011 онд Дундговь аймгийн баяр наадамд Улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр зургаа даван хүртэж байв. Харин 2013 онд Өмнөговь аймгийн баяр наадамд аймгийн начин Б.Мижидсүрэнд өвдөг шороодон үзүүрлэсэн бөгөөд аймгийн харцага цолоо хүртсэн юм. Тэрбээр Орхон аймгийн баяр наадамд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Аймгийн арслан Б.Ганхуягт өвдөг шороодон үзүүрлэж аймгийн харцага цолоо батласан билээ. 2015 онд Өмнөговь аймгийн баяр наадамд Аймгийн арслан С.Идэрсүрэнгээр найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн.
Э.Нямаа нь "Хилчин" спорт хороо, "АПУ" ХК, Эрхэт Монгол ХХК, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн харьяат бөх юм.
Тэрбээр энэ жилийн Үндэсний их баяр наадмаар дараах бөхчүүдийн давж Улсын начин цол хүртжээ.
- Нэгийн даваанд Сумын заан Н.Баярбаатар /Төв аймаг/
- Хоёрын даваанд Аймгийн заан Б.Энх-Очирхуяг /Төв аймаг/
- Гурвын даваанд Улсын начин А.Алтанхуяг /Дундговь аймаг/
- Дөрвийн даваанд Улсын начин Д.Амаржаргал /Булган аймаг/
- Тавын даваанд Улсын заан Н.Жаргалбаяр /Сэлэнгэ аймаг/
Д.Батчулуун
Сэтгэгдэл (23)