Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Улсын начин цол хүртсэн бөхчүүдийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Улсын начин Б.Лхагвадоржийг онцолж байна.
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Нарийнтээл уугуул Батжаргалын Лхагвадорж тав давж, Улсын начин цол хүртсэн билээ. Тэрбээр 1998 оны гуравдугаар сарын 5-нд Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрж өсжээ.
Аймгийн арслан цолоо 2015 онд 17 насандаа Өвөрхангай аймгийн баяр наадамд аймгийн харцага О.Бундхоролоор найм даван түрүүлж аймгийн арслан цолоо хүртэж байсан билээ. Тэрбээр аймгийн арслан цолоо дахин баталж “Хурц” чимэг хүртсэн бөгөөд энэ нь таван жилийн дараа дахин түрүүлсэн юм.
Дархан аварга Сүхбатын нэрэмжит “Ирээдүйн аварга” шагналыг 2019 онд хүртэж байсан билээ. Б.Лхагвадорж нь “Их Монголын Хүчтэн” дэвжээ, “Алдар” спорт хороо, “Макс” групп, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн харьяат бөх юм.
Тэрбээр энэ жилийн Үндэсний их баяр наадмаар дараах бөхчүүдийн давж Улсын начин цол хүртжээ.
- Нэгийн даваанд Сумын заан Л.Жамсран /Увс аймаг/
- Хоёрын даваанд Аймгийн заан Ч.Энхзаяа /Хөвсгөл аймаг/
- Гурвын даваанд Улсын начин Л.Шинэбаатар /Архангай аймаг
- Дөрвийн даваанд Улсын начин Б.Даваа-Очир /Хөвсгөл аймаг/
- Тавын даваанд Улсын начин Э.Ванданцэрэн /Архангай аймаг/
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5)