Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж улсын начин цол хүртсэн Эрдэнэбилэгийн Энх-Амгаланг танилцуулж байна.
Булган аймгийн Могод сумын харьяат Э.Энх-Амгалан нь 1991 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр төржээ. Тэрбээр бидний улсын начин агсан Э.Энхбатын төрсөн дүү бөгөөд энэ жилийн наадамд ахынхаа цолонд хүрсэн нь энэ юм. Үндэсний бөхөөр "Булган хангай" дэвжээ, "Хүч" спорт хороо, "Сод Монгол" группын харьяат бөх юм.
Шинэхэн начин маань 20 насандаа анх сумын начин цол хүртэж байсан бол түүнээс гурван жилийн дараа цолоо ахиулж аймгийн харцага цол хүртсэн. Харин 2016 оны Булган аймгийн баяр наадамд үзүүрлэж аймгийн заан цол хүртсэнээс хойш хоёр ч удаа цолоо баталжээ.
Улмаар ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн улсын баяр наадамд зодоглож тав даван улсын начин цол хүртсэн юм.
Тэрбээр,
- Нэгийн даваанд Ховд аймгийн начин Э.Энхтөр,
- Хоёрын даваанд Хэнтий аймгийн арслан Ш.Отгонтөгс,
- Гурвын даваанд улсын гарьд М.Баяржавхлан,
- Дөрвийн даваанд улсын заан Б.Батмөнх,
- Тавын даваанд улсын аварга Г.Эрхэмбаяраар тав давж улсын начин цол хүртсэн.
Т.Мөнхжаргал