Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Улсын начин цол хүртсэн бөхчүүдийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Орхон аймгийн харьяат Улсын начин Ө.Батзулыг онцолж байна. Тэрбээр наадмын өмнөхөн цахим хуудсаар өөрийн бүжиглэж буй бичлэгээ цацсан нь олны талархлыг хүлээсэн. Мөн начин цолны тэмдгээ гардан авсны дараагаар үзэгчдэд өөрийн бүжгээ дахин толилуулсан билээ.
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Орхон аймгийн уугуул Өлзийсайханы Батзул тав давж, Улсын начин цол хүртсэн билээ. Тэрбээр 1994 оны наймдугаар сарын 1-нд төржээ.
2016 онд аймгийн харцага цолоо хүртсэн бөгөөд 2017 аймгийн харцага цолоо хоёр удаа, 2019 аймгийн харцага цолоо дахин нэг удаа баталсанаар аймгийн харцага цолоо гурван удаа баталсан юм. Харин 2020 онд аймгийн арслан цол, 2021 онд аймгийн хурц арслан цол хүртсэн.
2022 оны гуравдугаар сарын 12-нд зохион байгуулагдсан Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, аймгийн арслан Жамбажамцын Сүхбатын нэрэмжит аймаг цэргийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаанд түрүүлж байв.
Мөн тэрбээр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн -97 кг жингийн Ази тивийн АШТ-ий хошой мөнгөн медальт тамирчин юм. Ө.Батзул нь “Аврагч спорт хороо”, “Имперо” групп, “Бадрах Өглөө Девелопмент” ХХК-ний бөх юм.
Тэрбээр энэ жилийн Үндэсний их баяр наадмаар дараах бөхчүүдийн давж Улсын начин цол хүртжээ.
- Нэгийн даваанд Сумын заан Д.Дашжамц /Ховд аймаг/
- Хоёрын даваанд Аймгийн заан Л.Батсайхан /Өвөрхангай аймаг/
- Гурвын даваанд Улсын харцага Д.Батболд /Баянхонгор аймаг/
- Дөрвийн даваанд Аймгийн арслан М.Амарсанаа /Завхан аймаг/
- Тавын даваанд Улсын начин Д.Хүдэрбулга /Төв аймаг/
Д.Батчулуун