Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Улсын начин цол хүртсэн бөхчүүдийг цувралаар хүргэж байна. Энэ удаа Увс аймгийн Тэс сумын харьяат Улсын начин Н.Хүрэлсүхийг онцолж байна.
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн уугуул Навааны Хүрэлсүх тав давж, Улсын начин цол хүртсэн билээ. Тэрбээр 1991 оны тавдугаар сарын 9-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрж, өсжээ.
2014 онд Увс аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн Аймгийн харцага цол хүртсэн билээ. Харцага цолоо 2016 онд баталсан бөгөөд Дорноговь аймгийн баяр наадамд зургаа дөвж шөвгөрсөн юм. 2017 онд Увс аймгийн баяр наадамд аймгийн харцага Т.Хайдаваар найм даван түрүүлж Аймгийн арслан цол хүртэж байв. Үүний дараа Налайх хотын баяр наадамд аймгийн начин Д.Батбаатарт өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн.
Н.Хүрэлсүх нь “Увс нуур” дэвжээ, “Алдар” спорт хороо, Баян Баяд ХХК, Зэвсэгт хүчний 189-р ангийн харъяат бөх юм.
Тэрбээр Ардын хувьсгалын 95, 97, 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар барилдаж байсан бөгөөд улсын наадамд дөрөв давсан удаатай. Харин энэ жилийн баяр наадмаар дараах бөчүүдийг давж Улсын начин цол хүртжээ.
- Нэгийн даваанд Сумын заан Б.Баяртогтох /Говь-Алтай аймаг/
- Хоёрын даваанд Аймгийн заан Ц.Анхбаяр /Өмнөговь аймаг/
- Гурвын даваанд Улсын начин Б.Хишигбаатар /Говь-Алтай аймаг/
- Дөрвийн даваанд Улсын начин Б.Бат-Эрдэнэ /Булган аймаг/
- Тавын даваанд Улсын харцага Т.Баасанхүү /Увс аймаг/
Тавын даваанд Увс аймгийн уугуул Улсын харцага Т.Баасанхүү нутгийнхаа аймгийн арслан цолтой Н.Хүрэлсүхийг авлан авч барилдсан билээ. Эл барилдаанд аймгийн арслан Н.Хүрэлсүх давж, шинэхэн Улсын начин болсон юм.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)