Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын начин цол хүртсэн 17 бөхийг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад Булган аймгийн Орхон сумын харьяат Улсын начин Б.Түмэндэмбэрэлийг онцолж байна.
Б.Түмэндэмбэрэл нь 1992 оны наймдугаар сарын 02-нд төрсөн энэ жил 30 нас хүрч яваа залуу бөх. Тэрбээр түүхт ойн баяр наадамдаа хамгийн түрүүнд тав давж энэ наадмын анхны улсын цолыг хүртсэн бөгөөд Улсын заан М.Өсөхбаяраар тав давж Улсын начин цол хүртжээ. Үндэсний бөхийн “Булган хан” дэвжээ, “Хилчин” спорт хороо, “Кардеш” ХХК, Хилийн цэргийн 0208 ангийн “Дээдсийн жигүүр” ХХК-ын харьяат бөх.
Анх 2012 онд Булган аймгийн Орхон сумын наадамд түрүүлж сумын заан цол хүртсэн тэрбээр 2015 оны Булган аймгийн наадамд үзүүрлэж аймгийн заан цол хүртэж байжээ. Улмаар хоёр ч удаа аймгийн заан цолоо баталж 2018 онд аймгийн арслан цол хүртээд байсан юм.
Харин энэ жилийн баяр наадамд тав давж Улсны начин цолны болзол хангасан тэрбээр нэгийн даваанд Булган аймгийн харьяат сумын заан Ө.Мөнхтүшиг, хоёрын даваанд Өвөрхангай аймгийн харьяат аймгийн заан Ч.Хасчулуу, гурвын даваанд Улсын начин Ч.Батчулуун, дөрвийн даваанд Улсын начин Д.Цэрэнтогтох, Тавын даваанд Улсын заан М.Өсөхбаяраар давжээ.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (3)