Жүдо бөхийн олон улсын “А” зэрэглэлийн шүүгч Ганболдын Нямцогт “Загреб-2022” Гран При тэмцээний өмнө IJF Academy-ийн шалгалтыг амжилттай өгч, өнөөдөр сертификатаа гардан авлаа. Түүний хувьд IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй тэмцээнүүдийг Монгол Улсаа төлөөлөн шүүдэг “А” зэрэглэлийн шүүгч бөгөөд энэ өдрүүдэд “Загреб-2022” Гран При тэмцээнийг дэнсэлж байна.
Тэрбээр тэмцээний эхний өдөр хамгийн оргил барилдаан болох -52 кг-ын жингийн аваргын төлөөх барилдааныг шүүлээ. Тодруулбал, “Токио-2020” олимпын наадмын аварга Дистрия Красники /Косово, -48 кг-ын олимпын аварга/, Үта Абэ /Япон, -52 кг-ын олимп, дэлхийн аварга/ нарын хооронд өрнөсөн барилдааныг шүүн явуулсан бөгөөд энэ барилдаан Японы жүдочны ялалтаар өндөрлөсөн юм.
Ташрамд мэдээлэхэд шүүгч Ганболдын Нямцогт нь БНСУ-ын Сөүлийн Их сургуулийг Олон улсын Спортын удирдлагын магистер зэрэгтэй төгссөн Монгол Улсын анхны шүүгч юм.
Сэтгэгдэл (1)