Увс аймгийн Давст сумын харьяат, аймгийн шинэхэн арслан Эрдэнэбатын Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Багануур дүүрэгт болсон барилдаанд түрүүлсэн бөгөөд Ж.Гэлэг начны удмын бөх юм.
-Арслан сайхан наадав уу?
-Сайхан наадлаа.
-Аймгийн арлсан цол хүртсэн танд баяр хүргэе?
-Баярлалаа. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам дэлгэр сайхан боллоо. Цолоо ахиулсандаа баяртай байна. Дараа дараагийн цолонд хүрэхийн төлөө бэлтгэл сургуулилтаа илүү сайн хийнэ ээ.
-Өнөө жилийн наадмын бэлтгэлээ “Увс нуур” гал дээр хийсэн үү?
-Тийм ээ. Нутгийн галдаа бэлтгэл сургуулилтаа хоёр дахь жилдээ хангаж байна. Өнгөрсөн жил наадмын бэлтгэлээ тун сайн хийсэн ч наадам болоогүй. Гэхдээ тэгж сайн бэлтгэл хийсний хүчинд нутгаас маань дөрвөн арслан цолтон төрлөө.
-Өнгөрсөн жил та Увс аймгийн баяр наадамд зодоглосон билүү?
-Дөрвийн даваанд Л.Цээсүрэн арслантай, тавын даваанд түрүү бөх Б.Баянмөнх ахад унасан юм. Увс аймгийн баяр наадмын бөхийн барилдаанд цол авах тун хатуу. Чанга болдог гээд энэ жил манайхны ихэнх нь очоогүй. Өнгөрсөн жилийн оноолтыг хараад очсонгүй шиг байна.
-Бөх болоход тань юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ?
-Бага байхад ах (Э.Лхамхүү) бид хоёрыг бөх болно гээд ойр тойрны олон хүн ярина. Бөх болно гэж төсөөлөөгүй. Бэлтгэл сургуулилт олигтой хийгээгүй юм аа. Тэгсэн нэг мэдсэн торгон зодогны ханцуйнаас атгалцаж явна. Амны билэг гэж үнэхээр сонин шүү. Даян аварга Н.Батсуурь ахыг дагаад 2018 оноос тууштай бэлтгэл хийж байна. Одоо ч эргэлт буцалтгүй бөхийн замд орлоо.
-Даян аварга та хоёр үеэл байх аа?
-Тийм ээ. Энэ мундаг хүнээс бөхийн эрдэм сурна гэдэг хэн хүнд олдохгүй том боломж юм.
-Та өнгөрсөн жил хэрхэн наадав?
-Ковидын үед наадам болоогүй ч Хүй мандалын дэнжид 512 бөхийн барилдаан болсон. Тэр барилдааны хоёрын даваанд олимпын аварга Н.Түвшинбаярт золгооны барьцнаас унадаг юм. Анхны том барилдаан. Аварга хүнтэй таарлаа гээд сэтгэл дутсан тал бий.
-Таныг арслан болоход Багануурын ард түмэн таныг нутгийн хүү шигээ дэмжинэ билээ?
-Тэгэлгүй яах вэ. Би 2017 онд дээд сургуулиа төгсөөд Багануурын Цахилгаан дамжуулахад ажилд орсон. Угтаа бол би Увс аймагт төрсөн ч Багануураас амьдралын гараагаа эхлүүлсэн хүн. Багануурчуудынхаа дэмжлэгээр энэ цолонд хүрлээ. Хүн бүр таних тул их дэмжсэн. Олон хүн дэмжихээр урам ордог юм билээ. Давахгүй бол болохгүй юм. Тэнд сумын наадам, бөхийн их, бага барилдаан болонгуут гүйгээд л орно. Яг тэр үед Н.Батсуурь ах намайг хоёр жил бөхийн бэлтгэл хийгээд үз гэсэн.
-Багануурын наадамд тантай түрүү булаалдсан бөх хэн бэ?
-Аймгийн заан Ч.Хасчулуутай түрүү булаалдсан. Унаган мэхээрээ л давлаа. Сэнжиг ухаад чангарахад нь дагаад л орсон. Үзүүр түрүүнд гараад ирэхээр их сандардаг юм билээ. Тэгж байтал гэнэтхэн дээр нь гарчихсан байсан даа.
-Таны төрсөн ах Э.Лхамхүү шаггүй барилдаанч залуу байдаг. Увс аймгийн 90 жилийн ойн барилдаанд А.Сүхбат аваргыг давсан санагдана. Та хоёр хоёр хэдэн насны зөрүүтэй вэ?
-Нэг л насны зөрүүтэй, тэрсхэн өссөн хоёр.
-Дээлийг тэсгээдэггүй байсан уу?
-Байнга л ноцолдоно. Би ахын доор ордог ч суганд нь сэжээд гарна. Ийм барилдаан ихэвчлэн гардаг байлаа. Багадаа ахыг олон давж байсан ч бие гүйцээд ахыг дахин даваагүй.
-Шинэ арслангийн маань дараагийн наадам?
-Аймгуудын наадам зөрвөл барилдах бодолтой байна.
-Та энэ жил Улсын баяр наадамд анх удаа зодоглож байна уу?
-Тийм. Шинэ цолтойгоо барилдаж чадаагүй. Улсын баяр наадмын бөхийн бүртгэлд аймгмйн начин цолтойгоор бүртгүүлсэн юм. Хоёрын даваанд улсын харцага Б.Одгэрэлд унасан.
-Та хоёрын барилдаан анхаарал татсан. Харцага жаахан эвгүй үйлдэл гаргав уу даа, таныг шанаадчих шиг харагдсан?
-За яах вэ. Эр хүмүүсийн дунд иймэрхүү зүйл гарна, би муу юм бодоогүй ээ.
-Энэ жил Увсчууд сайн наадлаа. Гурван хоёр аварга их шөвөгт, гурван арслан улсын начин болж, дөрвөн бөх аймгийн арслан боллоо?
-Сүүлийн хоёр жил бэлтгэл сайн хийсэн нь нөлөөлсөн байх. Удахгүй сайн мэдээ ар араасаа дуулдах байлгүй дээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)