Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ой, Уяачдын наадам өчигдөр Хүйн долоо худагт болж, 64 бөх хүч үзэв.
Тус барилдаанд түрүүлэх бөхөөр нэрлэгдэж байсан хурц арслан М.Амарсанаа дунд шөвөгт уналаа, унахдаа тохойгоо мулталлаа. Ид өсөж яваа бөхийн хувьд энэ даанч хайран. Бөх үзэж байсан олон хүн түүний бэртэлд санаа зовж байв. Бөх бэртэж гэмтэх нь байдаг нэг үзэгдэл гэж үзье.
Гэвч түүний мултарсан тохойнд эмчийн анхан шатны туслалцаа үзүүлэх эмч тэнд байгаагүй нь даанч тусгүй. Бөх үзэж суусан нэгэн үзэгч халуун гараар илж үзнэ, нутгийн бөх гарыг нь сойж хүйтэн усаар шавшиж бас үзэх юм. Ингээд тус болохгүй нь ойлгомжтой. Гэхдээ тэд бэртсэн бөхдөө санаа зовж, зүгээр харж суугаагүй юм.
Монголын үндэсний бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, менежер гээд тодорхой албан тушаал эрхэлсэн хүмүүс бүгд тэнд байсан л даа. Тэд халуун хуушуур, хүйтэн айраг залгилахаас өөрөөр бэртсэн бөхдөө анхаарал хандуулаагүй нь нэг тийм.
Бөхийн асарт тамхи татан суух нь хүртэл таатай бус. Бөхийн холбоо уг нь бөхийнхөө эрх ашигт үйлчлэх ёстой шиг. Бөхийн их, бага гэлтгүй ямар ч барилдаанд эмч байлгах хэрэгтэйг цаашид анхаарах буйзаа.
Б.Жаргал
Сэтгэгдэл (5)