Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадамд зодоглож, Уяачдын баяр наадамд их шөвөгт шалгарсан Тува улсын арслан Монгуш Айдынтай ярилцлаа.
-Монгол төрийн наадамд хүчээ үзлээ, Уяачдын наадам их шөвөгт шалгарлаа. Танд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Баяр наадмын бэлтгэлээ хаана, ямар хугацаагаар хангасан бэ?
-Бэлтгэл сургуулилтаа нутагтаа базаасан. Энэ жилийн Баяр наадамд манай улсын бөхчүүдийг урьж барилдуулсан явдалд баяртай байна. Тува, Монгол бөх бол элементээрээ ойролцоо болохоор бидэнд үндэсний бөхөөр барилдахад амар байдаг.
-Наадмын нэгийн даваанд хүчтэй харцагатай үнэн хүчийг үзээд уналаа. Дараа амжилтаа ахиулна биз?
-Сайн бөхтэй таарлаа. Улсын харцага Ц.Мөнхбаяр бид найзууд юм. Өмнө нь олон удаа таарч барилдаж байсан. Бие биенийхээ барилдааныг мэддэг учраас тэр тал дээр жаахан алдаа гаргасан тал бий. Улсын баяр наадамд манай бөхчүүд залуу бөхийн адил цолгүй зодоглож байгаа учраас дээш ахин барилдахад хүндрэлтэй байна. Тиймээс ирэх жилээс Монгол улсын аймаг, сумын наадамд барилдахаар төлөвлөж байна.
-Та Тувад хэдэн оны наадамд түрүүлсэн бэ?
-Тува бөхийн цол Монгол бөхийн цолтой адил Улсын баяр наадмаар л өгдөг. Би 2021 онд Тува Улсын 100 жилийн ойн наадамд түрүүлж арслан цол хүртсэн.
-Зодог шуудаг мөн адилхан юм байна. Та энэ зодог, шуудгаа хаана, ямар хүнээр урлуулав?
-Тийм ээ. “Саран зодог”-ийн зодог шуудаг юм. Малгайгаа бол Тувад урлуулсан. Монгол Улсын бөхчүүдтэй зодог шуудагны чанар, хийцийн хувьд нэг хэмжээнд очихын тулд зодог шуудгаа Монголоос авсан.
-Хэзээнээс эхлэж бөхийн замд орсон бэ. Бөхийн өөр төрлөөр хичээллэж байсан уу?
-Би багаасаа бөхөд дуртай, маш хайртай. Ухаан орсон цагаасаа найз нөхөдтэйгөө барилдаж өссөн. Тувачууд маань бөхөд хайртай ард түмэн. Тийм учраас хүүхдүүдийг барилдуулахыг зорьдог.
-Тувагаас нааш яаж ирсэн бэ. Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ирэв?
-Бид өөрсдийн машинаараа ирцгээсэн. 14 бөх, өсвөрийн хоёр бөх, хоёр дасгалжуулагчтай ирсэн.
-Энэ зун тэгш ойн баяр, даншиг наадамтай. Та бүхэн оролцох уу?
-Оролцох хүсэл байна. Гэхдээ бид 16-нд буцах төлөвлөгөөтэй ирсэн. Дараа дараагийн наадмуудад ирж оролцох төлөвлөгөө гаргана аа.
-Баярлалаа. Заавал ирж цолоо ахиулаарай гэж ерөөе.
Б.Жаргал
Сэтгэгдэл (18)