Олон түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн энэ жилийн түрүү бөх О.Хангайтай ярилцаж, баяр наадмын тухай сэтгэгдлийг нь сонслоо.
- Улсын баяр наадмын түрүү болж, мянган бөхчүүдийн тэргүүн болсонд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээ хуваалцаач?
-Баярлалаа. Цар тахлын дараа 100, 101 жилийн ойн баяр наадам сайхан болж байна. Аварга хэмээх цолтны эгнээнд багтсандаа баяртай байна. Өнөөдөр хүртэл итгэхгүй л явж байна. Аав ээждээ, ханьдаа, намайг дэмжин ажилладаг компаниудын хамт олонд талархаж буйгаа хэлмээр байна.
-Сүүлийн барилдаан дээр гар нь өвдөөд байгаа харагдсан. Түрүү бөхийн барилдааны тухай хуваалцахгүй юу?
-Хоёр гарын алга татчихсан. Очиж бариулаад гайгүй болсон. Тэгээд л барилдаанаа үргэлжлүүлсэн дээ.
-Таны бясалгаад сууж буй зураг цахим орчинд тавигдсан. Бие бялдрын болоод сэтгэл зүйн бэлтгэл сайн байсан уу?
- Тийм ээ. Бүх зүйл жигдэрч байж л барилдаанд амжилт гаргана шүү дээ.
-Б.Мөнхбаатар засуулаар аварга хэмээн цолоо дуудуулсан шүү дээ. Энэ талаар ярихгүй юу?
- Харцагуудын шоу болсон шүү дээ. Тэгэхэд Б.Мөнхбаатар ахаараа цол дуудуулаад, араас нь Д.Ганзориг ах маань тайлбар хийсэн. Их бэлгэшээлтэй, сайхан зүйл болсон. Биеллээ олсонд баяртай байна.
-Баярлалаа. Сайхан наадаарай.