Улсын аварга Г.Эрхэмбаяр Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын тавын даваанд Улсын начин агсан Э.Энхбатын дүү Э.Энх-Амгаланг амлан авч элэг бүсээ тайлж өгсөн юм.
Тэрбээр энэ талаараа ийн хэллээ. “Монгол түмэндээ Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Энэ жилийн наадам нар хур тэгширсэн өргөн дэлгэр сайхан боллоо. Мөн шинэ цолтон олноор төрж бидний дараагийн үе гарч ирж байгааг Монголын ард түмэн харсан байх. Залуу бөхчүүд маань өнгөтэй, сайхан байна. Э.Энхбат начин дүүтэйгээ нэгэн үед барилдаж, адилхан өсөх идэр начин цолтой, хэдий насны зөрүүтэй ч ойр дотно байсан. Тавын даваа эхлэхийн өмнө Э.Энхбатын маань дүү адил дөрөв давчихсан байсан болохоор тухайн үед шийдвэр гаргасан. Монголын ард түмэн маань бөхдөө хайртай, бөхдөө сэтгэлтэй. Тэр үүднээс Э.Энхбат начны маань аав, ээж, Монголын ард түмэн дүүд маань ямар их хайртай билээ. Тиймээс тэр талаас нь бодож үзсэн” хэмээв.
Т.Мөнхжаргал