Уяачдын наадамд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, Алдар спорт хорооны бөх, аймгийн харцага Б.Өлзийсайхан түрүүллээ. Түүнтэй ярилцлаа.
-Сайхан наадаж байна уу. Уяачдын наадамд түрүү авлаа баяр хүргэе. Өмнө нь уяачдын наадамд барилдаж байв уу. Ямар амжилт гаргаж байсан бэ?
-Баярлалаа. 2019 оны уяачдын наадамд их шөвөгт үлдэж байсан.
-Энэ жилийн баяр наадмын бэлтгэлээ аль дэвжээнд хийсэн бэ?
-Энэ жил "Их Монголын хүчтэн" дэвжээнд Бугын сангийн аж ахуйд бэлтгэлдээ гарсан. Анх удаа галын бэлтгэлд гарч үзсэн. Улсын арслан Д.Ганхуяг, Б.Цэдэнсодном харцага болон "Их Монголын хүчтэн дэвжээ"-ний бөхчүүдтэй бэлтгэлд гарсан.
-Улсын наадамд хэд дэх удаагаа зодоглож байна вэ?
-Улсын наадамд гурав дахь удаа зодоглож байна. Энэ жилийн баяр наадам сайхан боллоо. Хамт зодоглосон О.Хангай харцага маань Улсын аварга болж, найз Э.Сумьяабат, Б.Түмэндэмбэрэл, Б.Сосорбарам нар маань Улсын начин боллоо. Одоо улсын цолгүй нь би л үлдээд байна даа.
-Энэ жил цолоо ахиулах бодол байна уу. Барилдах уу?
-Улсын наадам дууссан ч, аймгийн цолоо ахиулах бодол байна аа. Энэ жил цолоо ахиулах сүүлийн хувилбар Өвөрхангайн наадам байна. Долоодугаар сарын 25,26-нд болно. Энэ наадамд барилдах төлөвлөгөөтэй байгаа.
-Улсын наадамд хэнд өвдөг шороодсон бэ?
-Улсын заан болсон Б.Сериктэй хоёрын даваанд учраа таарсан. Энэ жилийн наадам их сайхан болж байна. Сая уяачдын баяраар таарсан Тува улсын арслан бид хоёр чөлөөт бөх, Якут бөх буюу хавсгай барилдаанаар нэг жинд үзэж байсан юм. Өмнө нь би нэг уначихсан байсан. Харин өнөөдөр нутагтаа даагаа нэхлээ.
-Баярлалаа. Сайхан наадаарай.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)