Өргөн дэлгэр наадмын хоёрдох өдөр тохиож байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбай олны хөлд дарагдавч өчигдрийг үл гүйцжээ. Үндэсний их баяр наадмыг хуушуургүйгээр хэрхэн төсөөлөх билээдээ. Тиймдээ ч хуушуурын асар, хөхүүрийн айрагт дугаарлах наадамчдын цуваа өнөөдөр хэр нь тасраагүй л байна. Бид Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Д.Бадрах-Ерөөлтийн хуушуурын асрыг онцоллоо. Мөн асрын үүдэнд Булган аймгийн Орхон сумын харьяат Алтанхүүгийн айраг худалдаалж байсантай таарч хэсэг хөөрөлдөөд амжив.
Хуушуурын асарт үйл ажиллагаа эрхлэгч Д.Бадрах-Ерөөлт
- Сайхан наадаж байна уу. Энэ жилийн наадмын хуушуур хэдэн төгрөгийн үнэтэй байна вэ?
- Наадам сайхан болж байна. Асруудад наадмын хуушуур 2000 төгрөгөөр худалдаалж байна. Манай асарт ч мөн адил. Өчигдөр цахим хуудсанд хуушуур 3500 төгрөгөөр худалдаалж байна гэсэн мэдээлэл явж байсан. Тийм зүйл байхгүй ээ.
- Таны хувь хэддэх жилдээ энд ирж үйл ажиллагаа явуулж байна вэ?
- Манайх хүнсний бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Харин энэ жилийн наадамд анх удаа хуушуурын асартай үйл ажиллагаа явуулж үзэж байна. Наадамчин олны сэтгэл хангалуун байгааг харахад сайхан байна.
- Өчигдрийн байдлаар хэчнээн хуушуур худалдаалсан бэ дунджаар тооцоо гаргаж үзсэн үү?
- Үзсээн. Хоёр жил наадамлаагүй ард түмэн энэ жил үндэсний их баяраа өргөн дэлгэр тэмдэглэж байна. Манай асар халиартай гэрийн хуушуур болон бөөрөнхий гэсэн хоёр төрлийн хуушуур хийж байгаа. Орой тооцоолж үзэхэд нийт 4000 орчим хуушуур худалдаалсан байсан. Энд ирсэн хүн бүр наадмын хуушуур идэх гэж хуушуурын асраар орж байгаа учраас ачаалал их, хүний хөлд дарагдаж өнжсөн.
- Өнөөдөр ачаалал хэр их байна вэ Өчигдрийн ачааллыг гүйцэж байна уу?
- Өнөөдөр харьцангуй хүн цөөрсөн байна. Харин өнөөдөр Хүй долоон худгаас соёолонгийн тоосонд орсон наадамчид маань бөхийн барилдаанаа үзэхээр Төв цэнгэлдэх хүрээлэндээ ирдэг уламжлалтай. Тиймээс удахгүй хүний хөдөлгөөн нэмэгдэх байх гэж бодож байна.
- Тогооч, бэлтгэгч нарын хувьд ямар хүмүүс ажиллаж байна вэ?
- Манай тогооч нар маань мэргэжлийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг хүмүүс бий. Энэ жилийн хувьд анх удаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа учраас ажилчдад маань туршлага болж байх шиг байна.
- Ярилцсанд баярлалаа. Сайхан наадаарай.
Энэ асарт Булган аймгийн Орхон сумын харьяат Алтанхүүгийн айраг байхтай таарч хүү А.Раднаабазартай хэсэг хөөрөлдлөө.
Тэрбээр “Айраг сайхан иссэн наадам болж байна. Манай аймаг чинь айргаараа алдартай. Аав маань Булган аймгийн харьяат Алтанхүү гэж хүн бий. Энэ жил манайх анх удаа Төв цэнгэлдэхдээ айргаа худалдаалж байгаа учраас айраг багатай ирсэн юм. Өчигдөр 350 литр айраг ирснээс өнөөдөр 100 орчим литр айраг л үлдээд байна. Наадамчин олон маань ам сайтай байгаа. Айрагийн сайхныг мэддэг хүмүүс амсаж үзээд авч байна. Харин сайн мэдэхгүй хүмүүс айраг л бол айраг гэж байгаа сонсогдсон шүү” хэмээв.
Т.Мөнхжаргал