Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан эхэлсэн. Тэгш ойд зориулан хүчит 1024 бөх зодоглосон уг барилдааны нэг болон хоёрын давааны барилдаанууд өнөөдөр буюу долдугаар сарын 11-нд явагдаж дуусах товтой. Тэгвэл нэгийн давааны 25-аар дүйз дээр гарч барилдсан энэ жилийн Цагаан сарын барилдааны түрүү бөх болох Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн заан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын харьяат аймгийн начин Сандагийн Пүрэв-Очирт өвдөг шороодсон явдал нь энэ удаагийн наадмын эхний том шуугиан боллоо. Хоёр бөх тун ойролцоо газардсан бөгөөд хөлийн цэцүүд аймгийн заан Э.Мөнхжаргалд удаашруулсан бичлэг үзүүлсэн. Үүний дараа Э.Мөнхжаргал эргэлзэх зүйлгүйгээр өөрийн элэг бүсээ тайлж барилдаанд ялагдал хүлээсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Үндэсний бөх сонирхогч хүн болгон түүнийг улсын цол аваад зогсохгүй өндөр даваануудад гарч барилдах хүний тоонд зүй ёсоор багтааж байсан ч залуу заан ийнхүү нэгийн даваанд тахим буулгалаа.