Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам хоног хоногоор ойртож байна. Энэ жил тэгш ой тохиож буй бөгөөд 1024 бөх зодоглох нь гарцаагүй. Ардын хувьсгалын тэгш ойн баяр наадам есөн удаа болоход 1024 бөх барилдсан дөрөв (1931, 1951, 2001, 2011), 512 бөх зодоглосон таван (1941, 1961, 1971, 1981, 1991) наадам байна. Бүх цолтон төрөх магадлалтай наадам юм. Цолгүй нь цол авч, цолтой нь цолоо ахиулах таатай боломж энэ болж байна. Өнгөрсөн зуун жилийн түүхэнд Монголын нууц товчооны 750, Их Монгол Улс байгуулагдсаны 800, Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810 жилийн ойг эс тооцвол Ардын хувьсгалын тэгш ойн наадамд найман бөх түрүү хүртсэн байна.
Тоочвол, Ардын хувьсгалын 10 жилийн ойд М.Бэх-Очир, 20 жилд Б.Түвдэндорж, 30 жилд Ж.Цэвээнравдан, 40 жилд С.Цэрэн, 50 жилд Х.Баянмөнх, 60 жилд Х.Баянмөнх, 70 жилд О.Балжинням, 80 жилд А.Сүхбат, 90 жилд С.Мөнхбат нар түрүүлсэн юм. Эдгээрээс “Хурандаа” хэмээх М.Бэх-Очир (1931 он) улсын цолгүй байхдаа түрүүлсэн ганц бөх нь.
Мөн тэр аварга цол хүртээгүй цор ганц нь. Тэгш ойн сонин содон мэдээллийг цааш хөөвөл, хамгийн олон түрүүлсэн нь дархан аварга Х.Баянмөнх (60, 70 жилийн ой) бол хамгийн залуудаа түрүүлсэн нь даян аварга С.Цэрэн (24 настай) билээ. Баянаа аварга тэгш ойн хоёр дахь түрүүгээ хүртэхдээ 37-той байсан нь энэ жагсаалтын хамгийн ахмад бөх болно.
Сонирхолтой нь тэгш ойн наадамд гарьдаас бусад улсын цолтон түрүүлжээ.
Тэгвэл улсын арслан цолтойдоо түрүүлсэн гурван бөх байдаг нь Б.Түвдэндорж, Ж.Цэвээнравдан, А.Сүхбат бол аварга цолтойгоор тэгш ойд түрүүлсэн ганц бөх бол дархан аварга Х.Баянмөнх. 100 жилийн түүхэнд тэгш ойн түрүүг хамгийн олон авсан нь Увс аймгийн бөхчүүд бөгөөд тэд 1971, 1981, 1991, 2011 оны Улсын баяр наадамд одтой байжээ.
Өнөө жилийн хувьд Увсчууд улсын арслан, заанаас бусад цолтонд өндөр итгэл хүлээлгэж буй нь лавтай. Тэгш ойн түрүүг ердөө дөрвөн аймаг хүртсэн Увс (4), Булган (3), Хөвсгөл (1), Төв (1) аймаг авсан байх юм. Харин үзүүрт найман аймгийн бөхчүүд үлдсэн байдгаас Булган (2), Завхан, Дорнод, Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий, Сэлэнгэ аймгийх бөхчүүд тус бүр нэг шалгарч байв. Тэгш ойд түрүүлж, үзүүрлэсэн хоёр бөх байдаг нь Б.Түвдэндорж, С.Цэрэн аварга юм байна.
Ардын хувьсгалын тэгш ойн 10 дахь наадамд аль нутгийн хэн гэгч аавын хүү түрүүлэхийг харах хоног ердөө дөрөв юм.
Тэгш ойд 30 гарсан насандаа түрүүлсэн таван бөх байсан бөгөөд эл амжилтыг залгуулах эдүгээ хүч бяр нь ид жагсаж яваа Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, Б.Гончигдамба, М.Бадарч, Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий, О.Хангай нарт түрүүлэх боломж өндөр бий. 30 насны босго давсан тэдэнд тэгш ойд түрүүлэх сүүлчийн дайралт нь энэ байж мэдэх юм.
Т.Мөнхжаргал