Монголын Хөлбөмбөгийн Холбооны 11 дэх удаагийн ээлжит Их хурал тун амжилттай явагдаж ажлаа тайлагдаж, зорилтоо тодорхойлов. Цар тахлын улмаас өмнөх МХБХ-ны хурал цахим хэлбэрээр явагдаад байсан билээ. Тус хурлыг АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар нээж үг хэлснээр МХБХ-ны 11 дүгээр Их хурал эхэлсэн юм. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан МХБХ-ны 11 дэх Их хуралд Азийн хөлбөмбөгийн холбоо /AFC/АХБХ/-ны Зүүн Азийн гишүүн холбоо хариуцсан ахлах мэргэжилтэн Ёсүкэ Михара Их хурлын төлөөлөгчдөд үг хэлж, хурлын үйл ажиллагаа, явцыг ажиглав.
МХБХ-ны Дүрмийн дагуу Ерөнхийлөгч А.Ганбаатар даргалан явуулж, Их хурлаас их хурлын хоорондох МХБХ-ны Ерөнхийлөгчийн ажлын тайлан, 2021 оны Санхүүгийн тайлан болон Хөндлөнгийн аудитын тайланг хэлэлцэн баталлаа. Мөн МХБХ-ны 2023 оны төсвийг хэлэлцэн баталсан юм. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 9 дүгээр Их хурлаар сонгогдсон МХБХ-ны Дүрэм, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсгийн тайланг гишүүддээ танилцуулж МХБХ-ны Дүрмийн шинэчлэн баталсан нь Их хурлын онцлох гол чухал зүйлүүдийн нэг байсан хэмээжээ.