“Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбуу Үндэсний их баяр наадмаар зодоглохоор болжээ. Түүнийг бөхийн “Увс нуур” галд бэлтгэл базааж байхад нь уулзаж ярилцлаа.
-Таныг энэ наадамд барилдана гэж сонсоод үнэн болов уу гэж бодож байлаа. “Увс нуур” бөхийн гал дээр гарсныг чинь хараад үнэн юм байна аа гэж итгэлээ...
-Тийм ээ. Энэ жилийн наадамд барилдана. Бэлтгэлээ “Увс нуур” бөхийн гал дээр хийж байгаа.
-Бэлтгэл эхлээд хэр удаж байна вэ?
-Арваад хонож байна.
-Яагаад “Увс нуур” галд нэгдэх болов. Та Увс аймгийн гаралтай юу?
-Би Архангайн уугуул. Аав, ээж маань Архангай аймгийн хүмүүс. Албаар “Увс нуур” бөхийн гал дээр бэлтгэлээ хийж байна. Бэлтгэл хийгээд, Увс аймгийн бөхчүүдтэй танилцаж байна.
-Албаар гэдэг нь юу гэж байгаа юм бэ?
-Бөхчүүд гал галаараа, үзэгчид нь нутаг нутгаараа талцаад байдаг. Гэтэл энэ бол үндэсний өв уламжлал, өв соёл, үндэсний зан заншил, Монгол үндэсний дархлаа юм. Тэгэхээр энэ наадамд барилдах гэж буй зорилго бол нэгдүгээрт, Монгол эр хүн учир барилдахаар шийдсэн. Хоёрдугаарт, үндэсний хэмжээний зүйл дээр жалга дов ярьдаг, түүнээсээ болоод хагардаг, унадаг. Үндэсний өв уламжлалаа эрх ашгаасаа доош нь хийдэг. Үүний эсрэг үйлдэл хийж байгаа нь энэ.
-Өнгөрсөн жил наадам өнжсөн. Энэ жил хоёр ой давхардаад, дэлгэр сайхан наадам болох нь ээ?
-Улсын их баяр наадам жил өнжсөн нь маш эмгэнэлтэй зүйл болсон. Дайн дажинтай жилүүдэд ч өнжиж байгаагүй юм билээ. Хэдийгээр энэ жил хоёр ойг хамтатган тэмдэглэж байгаа ч өнжсөн л бол өнжсөн. Энэ жил ардын хувьсгалын 101 жилийн ой шүү дээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5)