Улаанбаатараас Хөвсгөл далай руу явахад 75 мянган төгрөг л хангалттай гэдгийг мэдэх үү? Зуны улирал эхэлж байгаа энэ өдрүүдэд аялал, зугаалгыг тань хямд бөгөөд сонирхолтой өрнүүлэх аялалын аргаас хуваалцахаар С.Номин-Эрдэнэтэй ярилцлаа.
- Сайн байна уу. Манай сайтын уншигчдад өөрийгөө товч танилцуулаач?
-Сайн байцгаана уу. Намайг С.Номин-Эрдэнэ гэдэг. Саяхан “Travel cheap” аялал жуулчлалын компаниа үүсгэн байгуулаад одоогоор аппликейшний хөгжүүлэлтийн ажилдаа ороод байна.
-Номин-Эрдэнийг Хямд аялах аргаа заая” фейсбүүк группийн админ гэдгээр нь танилцуулбал хүмүүс илүү таних байх. Хэзээ анх группээ нээж байв?
-Баярлалаа. Энэ группээ нээгээд гурван жилийн хугацаа өнгөрсөн байна. Одоогийн байдлаар 160 мянга орчим дагагчидтай болжээ.
- Анхны аялалын түүхээсээ бидэнтэй хуваалцаач. Хаашаа аялж байсан бэ?
-Оюутан байхдаа найз залуутайгаа хамт ОХУ-д сурдаг байсан. Тухайн үед Улаанбаатар-ОХУ чиглэлийн галт тэрэгний зардал 600 мянга гаруй төгрөг болдог. Гэтэл Улаанбаатар-Бээжин чиглэлд аялаад Бээжин-ОХУ руу онгоцоор нисээд очиход мөн адилхан зардал гарч байсан юм. Анх ингэж аялж болох юм байна гэж мэдээд аялалд дурлах болсон.
-Та барилгын инженер мэргэжилтэй гэж байсан. Гэтэл одоо үндсэн мэргэжлээрээ ажиллах бус аялалыг өөрийн амьдралын нэг хэсэг болгоод ажиллаж байгаа юм байна. Яагаад ийм шийдвэр гаргах болов. Аялна гэдэг таны амьдралд хэр үнэ цэнтэй байдаг вэ?
-Би анх аялсан цагаасаа эхэлж өөрийгөө таньж, мэдэхийн сацуу өөрчлөгдөж эхэлсэн. Аялал хүнийг өөрийгөө нээх, таньж мэдэхэд тусалдаг. Миний хувьд нэлээд бүрэг талдаа хүн байсан юм. Аялахын хэрээр өөрийгөө ямар зан ааштай хүн бэ, би хэнтэй яаж харилцах вэ, би юунд дуртай, юунд дургүй вэ гэдгээ мэддэг болсон учраас нэг л мэдэхэд миний амьдралын нэг хэсэг болсон.
-Ярилцлагын эхэнд саяхан аялал жуулчлалын старт ап аа нээсэн гэж байсан. Бизнес эхлүүлэх зорилгоор нээсэн үү. Эсвэл өөр зорилготой байв уу?
-Манай фейсбүүк групп, компани маань ч тэр хүмүүсийг аялуулдаг болгох зорилготой. Өөрийнхөө сурсан мэдсэн зүйлээ илүү олон хүнд таниулж, түүгээрээ олон хүнийг аялалд дурлуулах, аялалд явуулдаг байх нь бидний зүгээс нийгэмд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт гэж бодсон. Хүн өөрөө аялаад, юу үзэж нүд тайлаад ирэхээрээ өөртөө байгаа зүйлийнхээ үнэ цэнийг ойлгож эхэлдэг. Бас ямар зүйлийг өөрчлөх ёстой, юуг шинээр хийх хэрэгтэй вэ гэдгийг мэддэг болдог. Миний хувьд хүмүүсийн сэтгэхүй өөрчлөгдөхийн хэрээр нийгэм өөрчлөгддөг гэж боддог. Тиймээс бид энэ өөрчлөлтийг аялал хийх замаар бусдад түгээе гэж зорьсон маань энэ.
-Хүмүүс амралтын хоёр өдөрт багтаан аялаад ирэх сонирхолтой байдаг юм билээ. Богино хугацааны үүргэвчтэй аялах боломжтой ямар газрууд байна вэ?
-Тиймээ. Амралтын хоёр өдөрт багтаан аялах боломжтой аялал маш олон байдаг ч хүмүүс тэр бүр мэддэггүй. Манай Travel cheap аяллын аппликейшнд Улаанбаатар-Сэлэнгэ, Улаанбаатар- Сайншанд \Хамрын хийд\ чиглэлийн аялал багтсан байгаа. Галт тэргээр яваад хоёр өдөрт багтаан аялал боломжтой, хамгийн хямд бөгөөд сонирхолтой аяллын нэг.
Гурван жилийн өмнө Сэлэнгийн Сүхбаатар өртөөнд манай группын аялагчид л буудаг байсан бол одоо олон хүмүүс явдаг болсон байна. Зарим амралтын өдрөөр бидэнд галт тэрэгний тасалбар олдохгүй болтлоо хүмүүс аялж байна.
Заавал амралтын өдрөөр ч гэлтгүй ажлын өдрөөр ч аялах боломжтой. Албан байгууллагууд энэ төрлийн аялалыг илүү сонирхдог. Жишээлбэл, өнгөрсөн долоо хоногт бид нэг байгууллагын хамт олон энэ чиглэлд аялалд гарсан байгаа. Бид хамгийн анх групп аялалаа Сэлэнгэрүү авч байсан.
-Одоо зуны сайхан цаг үргэлжилж байна. Хүмүүс амралтаа аваад гадаад дотоодын аялалд явдаг үе гэж нэрлэж болно. Энэ үед тохирсон ямар аяллыг уншигчдадаа санал болгох вэ. Хүмүүс аль чиглэлийн аяллыг илүү сонирхож байна ?
-Хүмүүс сонирхолтой аяллыг сонирхдог болсон байна. Тэр нь ихэвчлэн үүргэвчтэй аялал байдаг. Өмнө нь найзуудынхаа цаг завыг хүлээж, групп бүрдүүлээд аялдаг байсан бол одоо өөрийнхөө цаг завыг тохируулж ганцаараа ч хамаагүй аялдаг болжээ гэж харагдаж байгаа. Үүнд, галт тэрэг, нисдэг тэрэгний аялал гэдэг ч юмуу сонирхолтой, элдэв шинэ зүйл туршиж үзэх үүднээс энэ төрлийн үүргэвчтэй аялалд гарах нь элбэг болсон. Ингэснээр архи, согтууруулах ундааны хэрэглээ багасаж, шинэ хүмүүстэй танилцах, шинэ дадал туршлагыг хуримтлуулах гээд маш олон давуу талтай. Мөн эко аяллыг санал болгомоор байна. Байгальд хог хаягдалгүй аялах, өөртөө сонирхолтой байдлаар өөрийн аяллаа бүтээх боломжтой гэсэн үг.
-Хүмүүс аяллыг эртнээс төлөвлөж хийдэг. Заримдаа удаан төлөвлөөд бүтэлгүйтэх үе байна. Заримдаа энэ нь сайн менежмент болох үе байна. Бас өөрсдөдөө илүү их болзол нэмээд түүнээсээ болоод аялах боломжоо далд хийгээд байдаг юм шиг санагддаг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Хэзээ нэг өдөр баяжиж байгаад аялахаа хүлээвэл хэзээ ч тийм нөхцөл үүсэхгүй. Харин өөрөө түүнийг бий болгох хэрэгтэй. Маш сайн төлөвлөсөн аялал эрсдэлийг бууруулж илүү зардлыг хэмнэж өгдөг. Тиймээс сайн төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Харин төлөвлөгөө чинь би мөнгөтэй болоод, эсвэл 20,30 нас хүрээд гэдэг шиг ямар нэг нөхцөл тавьж хүлээх шаардлагагүй байх хэрэгтэй. Эхлээд аялна гэдэг зорилго тавиад нэг, хоёр сар мөнгөө маш сайн цуглуулаад аялбал бүх зүйл болно.
-Та өөрийн аяллын мөнгө хуримтлуулах туршлагаасаа хуваалцвал?
-Би их сургуулиа төгсөөд шууд ажилд орох гэж яараагүй ээ. Өөртөө нэг жилийн чөлөө өгч, тэр хугацаагаа аялалд зориулсан. Тухайн үедээ хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж мөнгөө сайн цуглуулж байгаад аяллаа эхлүүлж байсан. Тиймээс хэн ч байсан гэсэн аялах боломжтой. Цагийн ажил хийдэг оюутнууд, сурагчид хүртэл өөрсдийн аяллаа бүтээгээрэй. Саяхан манай аяллын компанид 14 настай охин хандсан. Ангийн найзуудаараа өөртөө тохирсон цагийн ажил олж хийгээд мөнгөөрөө Сэлэнгийн аялалд явж байсан.
-Гэр бүл, найз нөхдөөрөө олон хоногийн аялалд анх удаа гарах гэж байгаа хүмүүст хандаад зөвлөгөө өгөөч. Юуг анхаарах хэрэгтэй байдаг вэ?
-Маш сайн төлөвлөгөө хэрэгтэй. Өмнө нь хэлсэнчлэн таны эрсдэлийг бууруулж, үр ашиггүй зардлыг хэмнэж байдаг.
-Аппликейшныг нь сонирхоод үзэж байхад дотоодын аяллаас гадна гадаадын олон аяллууд өөр өөр хөтчийн хамт байсан. Хөтчөө өөрсдөө сонгож аялах боломжтой гэсэн үг үү?
-Тиймээ. Манай компанитай хамтарч ажиллаж, хөтөч хийх сонирхолтой 1100 орчим хүсэлт ирсэн. Хамтарч ажиллаж байгаа хүмүүс маань өөрсдийн аяллын маршрутаа байршуулж байгаа газраасаа аялагчдаа хүлээн авах боломжтой. Өөрөөр хэлбэл аялагч маань зорьсон газар хүртлээ өөрийн хүссэн унаагаар очих боломжтой бөгөөд очсоны дараа хөтөч тань та бүхнийг аялуулна. Эргээд ирэхдээ мөн адил өөрийн хүссэн унаагаар ирэх боломжтой аялал бий. Жишээлбэл, ОХУ-ын 50 мянга орчим аялал бий. Хүн бүр өөр өөр сонирхолтой шүү дээ. Зарим нь галт тэргээр явахыг илүүд үзэх бол зарим нь онгоц, эсвэл хувийн унаагаараа аялахыг хүсдэг. Тиймээс өөрийн аяллаа өөрөө бүтээх боломжийг гаргаж өгч байгаа юм.
-Үүргэвчээ аваад одоо аялахаар төлөвлөж байгаа хүмүүс байх магадгүй. Тэдэнд хандаж аяллын зөвлөмж өгвөл юу гэж элэх вэ?
-Төлөвлөгөөгөө битгий хойш нь тавиарай. Ямар нэг боломж, нөхцөл ирэхийг хүлээлгүйгээр зориглоод, судлаад үз. Битгий айгаарай. Зоригтой байгаарай. Хүмүүс тодорхой бус зүйлээс илүү айдаг. Хэрэв маш сайн төлөвлөж судалж үзвэл тодорхой бус зүйл гарахгүй.
-Аялалд гарахаар төлөвлөж байгаа хүмүүст зориулаад хэрэгтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (2)