Нийслэлийн засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хамтран “Naadam night”, “Монголын нэг өдөр” арга хэмжээг долоодугаар сарын 11-нд Хүй долоон худагт зохион байгуулна. Тус арга хэмжээнд Монгол үндэсний урлаг, соёл, үндэсний хувцас, зоог, дуу хөгжим, наадам цэнгээн, уран зураг, уламжлалт анагаах ухааны шоу, үзүүлбэрүүд багтжээ. Энэ жилийн наадмын үдшийн цэнгүүн хэд хэдэн онцлогтой болно хэмээн зохион байгуулагчид хэлж байна.
Тасалбарыг shoppy.mn болон enaadam.mn сайтаар худалдаалах бөгөөд 80.000 төгрөгийн үнэтэй эко тасалбар байна. Байгаль орчноо хамгаалах үүднээс зохион байгуулж байгаа тэрбум мод үндэсний хөдөлгөөн дор эко тасалбар буюу модны суулгацыг бэлджээ.
“Naadam night” үдшийн цэнгүүний найруулагч Н.Болд: Энэ жилийн “Naadam night”-ын соёл урлагийн хөтөлбөр Юань улсын үед үүсгэн байгуулагдсан их найрлыг толилуулахаар төлөвлөж байна. Энэ бол түүхэндээ төрийн их найрал хэмээн үздэг, 512 хөгжимчнөөс бүрдсэн Монголын ардын урлаг, уртын дуу, морин хуур, төрөл бүрийн үндэсний хөгжим, дуучид, хөөмийчид бүрэн бүрэлдэхүүнээрээ нэгдсэн томоохон хэмжээний их найрал болно.
Т.Мөнхжаргал