Бельги улсын Антрверп хотод зургадугаар сарын 21-26-ны хооронд 3х3 сагсанбөмбөгийн ДАШТ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй 20 баг хүч үзсэн бөгөөд манай улсыг төлөөлөн оролцсон эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, О.Энхбаатар, эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд Б.Болор-Эрдэнэ, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан тамирчид тус тус багтсан.
Монгол улсын эрэгтэй шигшээ багийн хувьд В хэсэгт Литв, Герман, Чили болон Тайваний шигшээ багуудтай нэг хэсэгт орж гурван хожил, нэг хожигдолтойгоор хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан. Улмаар хасагдах шатанд Польшийн шигшээ багтай учраа тааран тоглож 20:17 харьцаатайгаар ялагдал хүлээснээр тэмцээнийг орхисон. Харин нөгөө талд манай улсын эмэгтэй шигшээ баг С хэсэгт Польш, Бельги, Египет болон Доминиканы шигшээ багуудтай орж хоёр хожил, хоор хожигдолтойгоор хэсгээсээ гуравдугаар байраар шалгарсан. Тэд хасагдах шатанд энэ удаагийн ДАШТ-д түрүүлсэн Францын шигшээ багтай нүүр тулж 21:9 харьцаатайгаар ялагдал хүлээсэн.
Долоо дахь удаагаа зохиогдож буй ДАШТ-ий эрэгтэй ангилалд Сербийн шигшээ баг Литвийн шигшээ багийг 21:16 харьцаатайгаар буулган авснаар дэлхийн таван удаагийн аваргууд болсон.
Эмэгтэй төрөлд Францын шигшээ баг Монгол улсын шигшээ багийг буулган авсныхаа дараа Испани, Хятад, Канадын хүчтэй багуудыг урдаа сөхрүүлсээр дэлхийн аварга болсон.
Уг тэмцээний эрэгтэй үнэ цэнэтэй тоглогчоор Сербийн шигшээ багийн Деян Майсторович нэрлэгдсэн бол эмэгтэй үнэ цэнэтэй тоглогчоор Леатита Гуапо шалгарсан.
Мөн тэмцээний үеэр зохион байгуулагдсан цагирагин дээрээс довтлох тэмцээнд Польшийн шигшээ багийн тамирчин Пиотр Грабовский түрүүлсэн.
П.Тамир