Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Жаргалсайхан Монголыг тамирчдын өприйг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлжээ.
Эрхэм хүндэт биеийн тамир, спортын салбарын төрийн болон төрийн бус байгууллагын нийт ажилтан, албан хаагчид, үе үеийн удирдлага, ахмадууд, шүүгч, зохион байгуулагч, хөгжөөн дэмжигч, тамирчин, дасгалжуулагч нар аа,
Та бүхэнд “Монголын тамирчдын өдөр”-ийн 86 дахь жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлэн мэндчилье!
Монгол Улсын Засгийн газрын “Журам батлах тухай” 2019 оны 204 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралт “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт”-ын 2.19 дэх заалт, хоёрдугаар хавсралт “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх журмын 2.2 дахь заалтын хүрээнд “Монголын тамирчдын өдөр”-ийг зургадугаар сарын сүүлчийн долоо хоногийн Ням гарагт зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ удаагийн Тамирчдын баярын өдөр нь Бүх цэргийн жанжин Цэргийн яамны тэргүүн сайд Дамдины Сүхбаатарын 1922 оны 30 дугаар тушаал гарч, Монгол Улсад орчин үеийн биеийн тамир, спортын хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойтой нэгэн хугацаанд тохиож байна.
Монгол Улсын Засгийн газар 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө “Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зан төлөвт насан туршийн дадал олгох зорилго бүхий биеийн тамир, спортын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог үндэсний хэмжээнд бүрдүүлэх”-ээр тодорхой зорилтууд дэвшүүлэн тавьж амжилттай хэрэгжүүлж эхэллээ.
Шинэчлэн байгуулагдсан Засгийн газрын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн хүрээнд биеийн тамир, спортын салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, ард иргэдээ эрүүлжүүлэх, эрүүл, зөв амьдралын дадал хэвшилтэй болгон төлөвшүүлэхэд онцгой анхаарч, төрийн захиргааны байгууллагын бүтцийг өөрчлөн Ерөнхий сайд өөрийн эрхлэх асуудалдаа авч хариуцан ажиллаж байна.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас спортын салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон ч “Токио 2020” зуны олимп, паралимпын наадам, “Бээжин 2022” өвлийн олимп, паралимпын наадмын бэлтгэл ажлыг тасралтгүй хангаснаар, манай тамирчид бэлтгэл сургуулилалтаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийн “Токио 2020” зуны олимп, паралимпын наадам, Бээжингийн 2022 оны өвлийн олимп, паралимпын наадмуудад амжилттай оролцлоо.
“Ковид-19” цар тахлын дараа иргэдийг биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлэн, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшилтэй иргэдийг бий болгох зорилгоор Эрүүл мэндийн цахим гүйлт, Дасгал хөдөлгөөн хийцгээе, Цахим гимнастрада, Үнэгүй фитнесс зэрэг биеийн тамирын олон арга хэмжээг цахимаар болон танхимаар зохион байгуулж олон мянган иргэдийг хамруулав. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар “Илүүдэл жингүй-Эртэч монгол” арга хэмжээг үндэсний хэмжээнд анх удаа зохион байгуулахад давхардсан тоогоор нэг сая гаруй иргэд оролцон, гурван сарын хугацаанд дасгал хөдөлгөөнд хамрагдлаа.
Энэ онд Монголын оюутны спортын V наадам явагдаж, 29 их, дээд сургуулийн 1,608 тамирчид шигшээ тэмцээнд оролцлоо. Мөн Монголын бүх ард түмний XV наадмыг зохион байгуулж эхэлсэн ба Үндэсний спортын VII шигшээ наадам наймдугаар сард болох юм.
Тамирчдын 2022 оны баярыг тэмдэглэж буй энэ цаг үед жүдо бөхийн дэлхийн “Улаанбаатар их дуулга” тэмцээнийг Улаанбаатар хотноо БТСУХ, Монголын жүдо бөхийн холбооноос хамтран зохион байгуулж, “Парис 2024” олимпын эрхийн оноог олгох ба Монголын спортыг олон улсын түвшинд сурталчилсан түүхэн үйл явдал болж байна. Түүнчлэн дэлхийн олон оронд явагдаж байгаа тив, дэлхийн тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож байна.
Спортын төлөө сэтгэл зүрхээ зориулан дэмжиж байдаг төрийн түшээд, тамирчдын ар гэрийг нь хариуцлагатай авч явдаг эцэг эх, ахан дүүс, гэр бүлийн гишүүд, ивээн тэтгэгч байгууллага, ААН, компани, хувь хүмүүс та бүхэнд үе үеийн тамирчин, дасгалжуулагч, биеийн тамир, спортын салбарын нийт ажилтан албан хаагчдынхаа нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийлж хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Тамирчид та бүхэн Төрийн далбаагаа өндөрт өргөж, “Парис 2024” олимп, паралимпын наадамд Төрийн дууллаа олонтоо эгшиглүүлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж, ард түмнийхээ хамтын тэмүүлэл, цог хийморийг тээн, итгэл хүслийг бадрааж байдаг Монголын нийт тамирчдын яруу алдар үргэлж мандаж байх болтугай.