Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүдийн нэг болох Улаанбаатар Гранд Слам 2022 оны зургадугаар сарын 24 буюу хоёрхон хоногийн дараа эхэлнэ.
Уг тэмцээнд 30 орны 259 тамирчин (158 эрэгтэй, 101 эмэгтэй) оролцох бөгөөд хамгийн олон тамирчин эрэгтэйчүүдийн -81 кг-ын жинд (30 тамирчин), хамгийн цөөн тамирчин эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд (10 тамирчин) тус тус өрсөлдөнө.
Манай улсын хувьд зохион байгуулагч орны давуу талыг ашиглан бүх жинд дөрвөн тамирчин, нийт 56 тамирчныг уг тэмцээнд оролцуулж байгаа бол Олон улсын жүдо бөхийн холбооны туг дор оролцох ОХУ-ын баг 24 тамирчныг, Өмнөд Солонгосын шигшээ баг 23 тамирчныг, Казахстан улсын шигшээ баг 20 тамирчныг тус тус тэмцээний мэдүүлэгт оруулаад байна.
Парис 2024 олимпын наадмын оноо олгож эхлэх уг тэмцээнд таван тивээс цуглаж буй дэлхийн шилдгүүдээс дурдвал -81 кг-ын олимп дэлхийн аварга Таканори Нагасе (Япон), -100 кг-ын дэлхийн хошой аварга Хорхе Фонсека (Португал), -60 кг-ын дэлхийн аварга Елдос Сметов (Казахстан), -66 кг-ын дэлхийн чансааг тэргүүлэгч Денис Виеру (Молдав), -81 кг-ын дэлхийн аварга Саги Муки (Израиль), -52 кг-ын дэлхийн аварга Ай Шишимэ гэх мэтээр үргэлжилнэ.
П.Тамир