Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Монголын жүдо бөхийн холбоо хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар их дуулга-2022” жүдо бөхийн олон улсын тэмцээн энэ сарын 24-26-ны өдрүүдэд Мөсөн өргөөнд болно. Тэмцээнд 30 гаруй орны тамирчид оролцох бөгөөд “Парис-2024” зуны олимпын наадмын албан ёсны оноо цуглуулах эхний тэмцээн гэдгээрээ онцлогтой. Энэ талаар Монголын жүдо бөхийн холбооноос мэдээлэл хийлээ.
Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл: “Улаанбаатар их дуулга 2022” тэмцээн анх удаа Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Өмнө нь “Гран при” ангилалын тэмцээн байсан бол энэ удаад “Гранд слэм” ангилалд ахиж эх оронд маань ирлээ. Одоогийн байдлаар 30 орчим орны баг тамирчид мэдүүлэгээ өгсөн. Тэмцээнд ОХУ-ын шигшээ багийн тамирчид Олон улсын жүдо бөхийн холбооны туган дор оролцоно. Олон улсын жүдо бөхийн холбоо, Олон улсын олимпийн хорооноос спорт, улс төр хоёр ангид байна хэмээн үзсэн тул дээрх шийдвэрийг гаргасан.
Тэмцээний тасалбар 30-50 мянган төгрөгөөр Спортын төв ордонд худалдаална.
Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар: Зохион байгуулж байгаа улсаас дөрвөн бөх оролцох эрхтэй бөгөөд манай улсаас 55 тамирчин долоон дасгалжуулагчийн хам оролцоно. Энэ он гарснаас хойш Франц, ОХУ, БНСУ, Бельги, Израйл улсын тамирчидтай хамтарч хүнд бэлтгэл хийж дууссан. Одоо сэргээлтийн бэлтгэлд гарсан, тэмцээнд оролцоход бэлэн болсон. 2028, 2032 оны олимпид залуу тамирчдаа бэлтгэх зорилгоор 17, 18 настай тамирчдаа түлхүү оролцуулж байна.
Т.Мөнхжаргал