“AFC Asian Cup” буюу хөлбөмбөгийн Азийн цомын тэмцээний эрхийн төлөөх урьдчилсан шатны B хэсгийн тоглолтууд зургадугаар сарын 8-14-ний хооронд манай улсад зохион байгуулагдлаа. Уг тэмцээний эхний хоёр тоглолтоо Монгол улсын шигшээ баг Палестин болон Филиппиний шигшээ багуудын эсрэг хийж харамсалтайгаар сүүлийн мөчид гоол алдаж 1:0 харьцаатайгаар хоёр удаа ялагдал хүлээгээд байсан. Харин өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо манай улсын шигшээ баг Йемений шигшээ багийн эсрэг хийж 2:0 харьцаатай хожил байгуулж чадлаа. Унгарын Пушкашын Академид харьяалалтай Ганболдын Ганбаяр тоглолтын 8 болон 53 дахь минутад гоол оруулж багаа хожилд хөтөлсөн бөгөөд шигшээ багийн бүс залуус жигд сайн тоглосон гэдгийг дурдах нь зүйтэй байх. Мөн уг хэсгийг Палестины шигшээ баг 9 оноотой тэргүүлсэн бол Филиппиний шигшээ баг 4 оноотой удаалсан.