Өнгөрсөн шөнө Австрали болон Перугийн шигшээ багууд энэ оны арван нэгдүгээр сард эхлэх хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхийн төлөө хоорондоо учраа тааран тоглолоо. Тоглолтын үндсэн болон нэмэлт цаг 0:0 харьцаатай өндөрлөж ялагчийг торгуулийн цохилтоор шийдвэрлэсэн. Улмаар 5:4 харьцаатай Ази тивийн төлөөлөл болсон Австралийн шигшээ баг ялалт байгуулснаар Катар 2022 ДАШТ-ийг зорих эрхтэй болсон. Ингэснээр тэд 2006 оноос хойш ДАШТ-д тасралтгүй оролцсоор ирсэн гэх амжилтаа үргэлжлүүлэх болсон бөгөөд D хэсэгт аваргаа хамгаалагч Франц болон Дани, Тунисийн шигшээ багуудтай өрсөлдөхөөр болсон. Хэрэв та санаж байгаа бол Австралийн шигшээ баг өмнөх буюу 2018 оны ДАШТ-д Францын шигшээ багтай нэг хэсэгт орж байсан.