Португалийн Бенфика клуб 22 настай Уругвай довтлогч Дарвин Нуньесийг Английн Премьер лигийн Ливерпүүл клубт 75 сая еврогоор (гэрээний нэмэлт заалтын дагуу тоглогчийн тоглолтоос хамаарч ирээдүйд 100 сая евро хүрэх боломжтой) зарахаар болсон гэдгээ баталлаа.
Дарвин Нуньесийн хувьд өнгөрсөн улиралд бүх тэмцээнийг хамруулан үзвэл 41 тоглолтод 34 гоол оруулсан бөгөөд Аваргуудын лигт одоо нэгдэж буй Ливерпүүл клубийнхээ эсрэг 2 тоглолтод 2 гоол оруулсан. Ливерпүүл клувийн хувьд 19 настай Португали тоглогч Фабио Карвальог Фулхэм клубээс аль хэдийнээ авч энэ зуны анхны наймаагаа баталгаажуулчихсан байгаа.
Мөн Ливерпүүл клубийн жигүүрийн тоглогч Садио Мане энэ зун багаа орхихоор болсон гэдгээ албан бусаар зарлаад байгаа бөгөөд Дарвин Нуньесийн наймаа түүний ирээдүйг бараг л тодорхой болгож байна гэж хэлэхэд буруудахгүй.
Эх сурвалж: BBC