Энэ оны арван нэгдүгээр сарын 21-нд Катар улсад эхлэх хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох 31 (32 дахь эрхийг тэмцээнийг зохион байгуулагч катар улс шууд авсан) багийн эрхийн төлөө Олон улсын хөлбөмбөгийн холбооны гишүүн 209 орон 2019 оны зургадугаар сарын 6-аас өрсөлдөж эхэлсэн. Ташрамд дурдахад уг эрхийн төлөөх тоглолтуудын хамгийн анхны гоолыг Монгол улсын шигшээ багийн ахлагч Норжмаагийн Цэдэнбал Бруней улсын шигшээ багийн эсрэг оруулсан билээ.
Өчигдрийн байдлаар 32 багийн 29 нь аль хэдийнээ ДАШТ-д оролцох эрхээ баталгаажуулаад байсан бол өнгөрсөн шөнө Орос-Украины нөхцөл байдлаас болж хойшлогдоод байсан Европын бүсийн хамгийн сүүлийн эрхийн төлөөх тоглолт болох Украин-Уэльсийн шигшээ багуудын тоглолт явагдаж өнгөрлөө. Тоглолт 1:0 харьцаатай өндөрлөсөн бөгөөд тоглолтын цорын ганц гоолыг Уэльсийн шигшээ багийн ахлагч цагтаа дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч байсан Гарет Бейл 34 дэх минутад чөлөөт цохилтоос оруулсан. Гэхдээ түүний бөмбөг Украины шигшээ багийн жигүүрийн довтлогч Андрей Ярмоленкогийн толгойноос ойж хаалганд орсон тул уг гоол Гарет Бейлийн нэр дээр бичигдээгүй.
Уэльсийн шигшээ багийн хувьд 1958 оны ДАШТ-д цор ганц удаа оролцож байсан бөгөөд энэхүү хожлыг авснаар 64 жилийн дараа хоёр дахь удаагаа дэлхий даяар хамгийн олон үзэгчтэй спортын тэмцээний нэг хэсэг болохоор боллоо. Харин үлдсэн хоёр эрхийн төлөө энэ сарын 13-нд Перугийн шигшээ багийн эсрэг зургадугаар сарын 7-нд болох Австрали болон Арабын Нэгдсэн Эмиратын шигшээ багуудын хожсон баг нь тоглож нөгөө талд зургадугаар сарын 14-нд Коста Рика-Шинэ Зеландын шигшээ багууд тоглоно.
П.Тамир