Сагсанбөмбөгийн түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг болох Леброн Жеймс Лос Анжелес Лейкерс багт хүчин зүтгэж байгаа. Тэгвэл түүний нийт хөрөнгө нэг тэрбум ам.долларыг давж албан ёсоор долларын тэрбумтан болсон гэдгийг Форбес сэтгүүл зарлалаа.
Ингэснээр тэрбээр сагсанбөмбөгийн спортоос төрж буй хоёр дахь, идэвхтэй тоглож байх үедээ тэрбумтан болсон анхны тамирчин болж байгаа юм. Түүний өмнө Чикаго Буллс багийн домог Майкл Жордан зодог тайлснаасаа хойш 2014 онд долларын тэрбумтан болж байсан түүхтэй.
Леброн Жеймсийн хөрөнгийн эх үүсвэрүүдийг нягтлахад тэрбээр сүүлийн 19 жил NBA-д тоглох явцдаа гурван өөр багаас нийт 383 сая ам.долларын цалин авсан ба 900 сая гаруй ам.долларыг бусад бизнесийн үйл ажиллагаанаас олжээ. Леброн Жеймсийн хувьд Nike, AT&T, PepsiCo, Walmart гэх мэт компаниудтай хамтарч ажилласныхаа дараа тэр дороо цалингаа авах бус урт хугацаанд тэдний ашгаас хүртэх шийдвэрийг гаргасан нь түүнд асар их өгөөж өгсөн гэж Форбес сэтгүүл дурдсан. Мөн NBA-гийн дөрвөн удаагийн аварга тэрбээр 300 сая ам.долларыг зурагт болон киноны салбараас олсон бөгөөд “Спэйс Жэм, Нью Легаси” кинонд тоглосон гэдгийг та бүхэн мэдэх байх.
Леброн Жеймс 2014 онд өгсөн ярилцлагынхаа үеэр, “Мэдээж би бизнесийнхээ цар хүрээг өргөжүүлэхийг хүсэж байна. Тэрбумтан болох бол миний нэг зорилгуудын нэг. Хэрэв хэзээ нэгэн өдөр би тэр цэгт хүрэх юм бол… Бурхан минь үнэхээр гайхалтай мэдрэмж төрөх байх даа” гэж хэлж байжээ.
Эх сурвалж: CNN