Дурын нэг хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчээс өнөө цагийн хамгийн шилдэг тоглогчдоос нэрлэ гэвэл Польшийн шигшээ баг болон Германы Байерн Мюнхен клубийн довтлогч Роберт Левандовскийг жагсаалтдаа багтаах нь гарцаагүй.
Тэрбээр 2010-2014 оны хооронд Боруссиа Дортмунд клубийн төлөө 131 тоглолтод оролцож 74 гоол оруулсан гэх амжилттайгаар багийнхаа гол өрсөлдөгч болох Байерн Мюнхен клубд нэгдсэн ба Мюнхен хотын багийн төлөө 253 тоглолтод 238 гоол оруулсан гэх боломжгүй мэт амжилт үзүүлсэн.
Тэгвэл 2014 оноос хойш Байерн Мюнхен клубийн хамт боломжит бүх тэмцээнд түрүүлсэн Роберт Левандовски гэрээгээ сунгахаас татгалзаж багаасаа явахаар шийдсэн гэдгээ “Байерн бол асуудлыг ноцтой ойлгодог клуб. Тэд намайг бүрэлдэхүүндээ хадгалахгүй гэдэгт итгэж байна. Би тус клубийн төлөө дахиж тоглохыг хүсэхгүй байна. Байерн дахь миний замнал дууссан. Намайг наймаанд оролцуулах бол тэдний хувьд хамгийн сайн шийдэл. Байерн Мюнхен намайг зогсоохгүй гэж найдаж байна” хэмээн албан ёсоор мэдэгдсэн.
Энэхүү мэдэгдэл гарсан даруйд 33 настай польш довтлогчийг Английн Ливерпүүл, Францын Парис Сен-Жермен, Испанийн Барселона клубүүд эгнээндээ нэгтгэхээр хөөцөлдөж эхэлсэн. Одоогийн байдлаар түүний хаашаа явах нь тодорхой бус байгаа ч мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Барселона клуб түүнийг авах хамгийн өндөр магадлалтай байгаа гэнэ.
П.Тамир