Алдарт дасгалжуулагч Сэр Алекс Фергюсон 2013 онд зодог тайлсны дараа дэлхийн хамгийн нэр хүндтэй хөлбөмбөгийн багуудын нэг болох Английн Манчестер Юнайтед клуб хүнд хэцүү цаг үеийг туулсаар байгаа. Энэ улирлын Премьер лигт 16 хожил, 10 тэнцээ, 12 хожигдол, хаалгандаа 57 гоол алдсан гэх үзүүлэлттэйгээр зургадугаар байранд орж дараа улирал Европа лигт өрсөлдөх болсон нь тус клуб ямар түвшинд байгааг маш тодорхой харуулна. Тус багт бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг болох Кристиано Роналдо, Францын шигшээ багийн төвийн хамгаалагч Рафаэль Варан, Португалийн шигшээ багийн хагас хамгаалагч Бруно Фернандеш, Английн шигшээ багийн шилдэг залуу тоглогчид болох Жейдон Санчо, Маркус Рэшфорд гэх мэт дэлхийн зэрэглэлийн тоглогчид байгаа хэдий ч Манчестер Юнайтед клубийн тоглолт ногоон талбай дээр нэг л болж өгөхгүй байгаа.
Иймээс тус клуб хар бараан улирлуудыг дуусгавар болгохын тулд Нидерландын Аякс клубийн дасгалжуулагч Эрик Тен Хагийг шинэ дасгалжуулагчаараа томилсон. Тэрбээр Манчестер Юнайтед клубд их хэмжээний өөрчлөлт хийж нэр бүхий тоглогчдыг багаас нэн даруй явуулах талаараа албан бусаар мэдэгдсэн. Тэгвэл зургадугаар сарын 1 буюу өчигдөр Манчестер Юнайтед клуб цахим хаягаараа дамжуулан Поль Погба болон Жесси Лингард нар клубийг орхихоор болсон гэдгийг албан ёсоор зарлалаа.
Поль Погбагийн хувьд 16 насандаа Манчестер Юнайтед клубийн академид элсэн орсон бөгөөд 2012 онд чөлөөт агентийн хувиар Италийн Ювентус клубд нэгдсэн. Улмаар Турин хотод амжилтаар баялаг дөрвөн улирлыг үдсэнийхээ дараа 2016 онд тухайн цаг үеийнхээ хамгийн үнэтэй хөлбөмбөгчөөр нэрлэгдэж 105 сая еврогоор төрөлх Манчестер Юнайтед клубтээ дахин ирсэн. Тэрбээр энэ зун дахин чөлөөт агентийн хувиар клубийг орхих нь тодорхой болсон тул түүнтэй хэд хэдэн клубүүд холбогдоод байгаа. Мөн Манчестер Юнайтед клубийн мэдэгдлийн дараа Поль Погба өөрийн твиттер хаяг дээрээ, “Энэхүү клубийн төлөө тоглох нэр төрийн хэрэг байлаа. Олон сайхан дурсамжууд, ялангуяа хөгжөөн дэмжигчдийн дэмжлэг миний дурсамжид үүрд үлдэх болно. Баярлалаа Манчестер Юнайтед” гэж жиргэжээ.
Харин Жесси Лингард бол Поль Погбагаас хамаагүй их дурсамжийг Манчестер Юнайтед клубийн хамт бүтээсэн нэгэн. Тэрбээр анх 2001 онд Манчестер Юнайтедийн ес хүртэлх насны багийн гишүүний хувиар уг клубд элсэж байсан түүхтэй.
Манчестер Юнайтед клубийн оргил үед багууд руу зээлээр явж тоглодог байсан Жесси Лингард 2014 онд клубийн төлөөх анхны тоглолтдоо оролцож улмаар багийн хагас хамгаалалтын гол гишүүдийн нэг болсон. Өдгөө 29 настай клубийн төлөө 232 тоглолтод оролцсон тэрбээр өөрийн инстаграм хаяг дээрээ, “Улаан төрж, улаан хэвээрээ өсөж томорсон.
Сүүлийн хэдэн долоо хоног миний хувьд маш хэцүү байлаа. Учир нь би өөрийн нэг гэр бүл болох Манчестер Юнайтедийг орхих болсон юм. 22 жилийн турш уг клубтэй хамт өнгөрүүлсэн хором мөч болон гайхалтай дурсамжуудаа насан туршдаа нандигнаж явна. Манчестер Юнайтед клуб миний сэтгэл зүрхэнд үргэлж онцгой байр суурь эзэлсээр байх болно. Эдгээр жилүүдэд хамт тоглож байсан бүх тоглогчдод талархал илэрхийлье. Есөн насны багт байхаас минь хойш надтай хамт ажиллаж ирсэн бүс дасгалжуулагчдад онцгойлон талархал илэрхийлмээр байна. Тэд бүгд миний амьдралд өөр өөрөөр нөлөөлсөн. Мөн клубийн цэвэрлэгч, тогооч, харуул гэх мэт бүх ажилчдад маш ихээр талархаж байна. Тэд байгаагүй бол би энэ түвшинд хэзээ ч хүрэхгүй байх байсан” хэмээн клубтэй салах ёс гүйцэтгэжээ.
Эх сурвалж: Manchester United