Дэлхий даяар хамгийн олон үзэгчтэй спорт болох хөлбөмбөгийн дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ оны арван нэгдүгээр сарын 21-нд Катар улсад хөшгөө нээнэ. Уг тэмцээнд тив тивийнхээ төлөөлөл болсон шилдэг 32 баг оролцдог бөгөөд одоогийн байдлаар тэдний 29 багийнх нь нэрс албан ёсоор тодорхой болоод байна. Тэгвэл Орос-Украины нөхцөл байдлаас болж өнгөрсөн гуравдугаар сард болох ёстой байсан Украин-Шотландын шигшээ багуудын тоглолт өнгөрсөн шөнө Шотланд улсад өрнөлөө.
Дайны хөлд нэрвэгдээд буй Украин улсын иргэд уг тоглолтыг улс даяараа үзэж шигшээ багаа дэмжсэн ба тоглолт эхлэх үед Украины шигшээ багийн бүх тамирчид төрийн далбаагаа нөмрөн талбай дээр гарч ирцгээсэн.
2021 оны арван нэгдүгээр сарын 16-аас хойш ямар нэгэн албан ёсны тоглолтод оролцоогүй байсан Украины шигшээ баг тоглолтыг тоглолтыг илт илүүрхсэн бөгөөд Английн Премьер лигийн Вест Хэм клубийн довтлогч Андрей Ярмоленко, Португалийн Бенфика клубийн довтлогч Роман Яремчук, Украины Днепр-1 клубийн довтлогч Артём Довбик нарыг гоолын ачаар Шотландын шигшээ багийг талбай дээр нь 3:1 харьцаатайгаар буулган авсан. Ийнхүү дараагийн шатанд шалгарсан Украины шигшээ баг ДАШТ-ийг зорих эрхийн төлөөх сүүлчийн тоглолтоо зургадугаар сарын 6-нд Уэльсийн шигшээ багийн эсрэг талбай дээр нь хийнэ.
П.Тамир