Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдсан Бүх цэргийн наадамд аймаг, цэрэг болон сумын цолтой хүчит 256 бөх барилдсанаас Завхан аймгийн Яруу сумын харьяат цэргийн арслан Мөнхтөрийн Лхагвагэрэл найм даван түрүүлж Архангай аймгийн Тариат сумын харьяат шинээр цэргийн заан цолны болзлыг хангасан сумын заан Өнөрбаянгийн Батсуурь үзүүрлэлээ. Уг барилдааны их шөвөгт үзүүр түрүүний бөхчүүдээс гадна Увс аймгийн Тэс сумын уугуул Очирбатын Түмэн, Булган аймгийн Сайхан сумын харьяат цэргийн начин Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ нар амжилттай барилдаж үлдсэн. Ийнхүү жил дараалан Бүх цэргийн наадамд түрүүлсэн чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл цэргийн хурц арслан гэх ховорхон цолны эзэн болж байна.