Дэлхийн хамгийн олон үзэгчтэй спорт болох хөлбөмбөгийн хамгийн өрсөлдөөнтэй, хамгийн хатуу ширүүн уур амьсгалтай лиг болох Английн Премьер лигийн хаалтын тойргийн 10 тоглолт манай орны цагаар тавдугаар сарын 22-ны 23:00-аас нэгэн зэрэг болж өндөрлөлөө. Уг тоглолтуудын үр дүнгээс шалтгаалан ямар баг Премьер лигийн цомыг өргөх, хэн гэдэг тоглогч энэ улирлын мэргэн бууч болох, ямар багууд дараа улирлын Аваргуудын лиг болон Европа лигүүдэд өрсөлдөх, ямар багууд Чэмпионшип лиг рүү унах гэх мэт олон сонирхолтой асуултуудын учир зангилаа тайлагдах учиртай байв.
ТОЙРГИЙН ӨМНӨХ НӨХЦӨЛ БАЙДАЛ
37 тойргийн дараагаар Премьер лигийн хүснэгтийг өмнөх тойрогт оноо алдсан Манчестер Сити 90 оноотой тэргүүлж Аваргуудын лигийн финалд шалгараад буй Ливерпүүл клуб тэдний ард 89 оноотой бичигдэж байв. Манчестер Ситигийн хувьд Ливерпүүл клубийн домог Стивен Жеррардаар удирдуулсан Астон Виллаг Этихад цэнгэлдэх хүрээлэндээ хүлээн авч тоглох бол Ливерпүүл клуб нарийн нягт тоглолттой Волверхэмптон клубийг мөн л талбай дээрээ хүлээн авч тоглоход бэлэн болоод байлаа. Тэргүүлэгч багуудын оруулсан гоолын зөрөө 5 байсан тул Ливерпүүл клуб нэн түрүүнд өөрсдөө тоглолтын тэргүүллийг аваад Манчестер Ситиг ямар нэгэн байдлаар оноо алдаасай хэмээн залбирахаас өөр аргагүй байв.
Харин дөрөвдүгээр байранд шалгарч ирэх улирлын Аваргуудын лигийн эрхийг авахын тул Тоттенхэм болон Арсенал клубүүдийн хооронд аваргын төлөөх өрсөлдөөнөөс дутахааргүй тэмцэл өрнөж байв. Тоттенхэм клуб 68 оноотойгоор лигийн хамгийн сүүлийн байранд бичигдэж байгаа Норвич Сити клубтэй учраа таарсан бол Арсенал клуб боломжийн бүрэлдэхүүнтэй ч энэ улирал тийм ч сайнгүй байгаа Эвертон клубийг талбай дээрээ хүлээн авахаар бэлтгэж байв. Үүнээс гадна хүснэгтийн зургадугаар байранд орж Европа лигийн эрхийн төлөө Манчестер Юнайтед болон Вэст Хем Юнайтед клубүүд хоорондоо 58 ба 56 гэх хоёрхон онооны зөрөөтэй жагсаж байлаа.
Клубүүдийн амжилтаас гадна хувь тоглогчдын хоорондын тэмцэл Премьер лигийн 38 дахь тойрог хүртэл үргэлжилсэн.
Энэ улирлын мэргэн буучдын жагсаалтыг Ливерпүүл клубийн Египет довтлогч Мохамед Салах 22 гоолтойгоор тэргүүлж байсан бол түүний ард 21 гоолтойгоор Тоттенхэмийн Өмнөд Солонгос довтлогч Сон Хын Мин бичигдэж байв.
Тоглолт эхлэхээс нэг цагийн өмнө багуудын гарааны тоглогчдын нэрс зарлагдахад таамаг ёсоор гэмтэлтэй байгаа Мохамед Салахын нэр сэлгээний тамирчдын дунд байлаа. Ингэснээр Сон Хын Мин Премьер лигийн алтан шаахайг лигийн хамгийн муу хамгаалалттай баг болох Норвич Ситигийн эсрэг нэг гоол хийхэд Мохамед Салахын хамтаар, хоёр гоол оруулахад цор ганцаараа хүртэх боломжтой болов.
38 дахь тойрог зөвхөн шилдэг гэх амжилтуудын эздийг тодруулах тойрог биш байв. Уг тойргийн үр дүнгээс хамаарч лигийн 17 болон 18-аар байранд адил 35 оноотой явсан Лийдс Юнайтед, Бөрнли клубүүдийн хэн нь Премьер лигт үлдэж, хэн нь Чэмпионшип лиг рүү унах асуултын хариулт тодорхой болох байлаа. Бөрнли клубийн хувьд хожил байгуулахад л Премьер лигтээ үлдэх байсан бол Лийдс Юнайтед Бөрнлиг оноо алдсан тохиолдолд л Премьер лигт үлдэх боломжтой байсан.
ТОГЛОЛТУУДЫН ЭХНИЙ ХАГАС
Премьер лигийн хөгжөөн дэмжигчдийн бүх анхаарал Англи улсад зэрэг явагдаж буй 10 тоглолт дээр тусав. Тоглолтуудын эхний хагас өндөрлөснийг мэдэгдэж Англи улсад 10 шүгэл зэрэг дуу гаргалаа. Пеп Гуардиалогийн удирдаж буй Манчестер Сити, Астон Виллад 1:0 харьцаатайгаар ялагдаж нөгөө талд Юрген Клоппын удирдаж буй Ливерпүүл клуб 1:1 харьцаатайгаар тэнцэж хоёр багууд тус тусдаа хүндхэн эхний хагастай нүүр тулсан байв. Арсенал клуб өөрсдийн үүргээ биелүүлж 2:0 харьцаатайгаар тоглолтын тэргүүллийг аваад байсан ч Тоттенхэм клуб ч мөн адил Норвич Ситигийн хаалганд 2 гоол оруулж Арсенал клубийг Европа лиг рүү илгээхэд тун ойрхон ирээд байлаа.
Мөн уг эхний хагасын дараа Манчестер Юнайтед клуб 1:0 харьцаатай ялагдаж, Вэст Хем клуб 1:0 харьцаатай ялалт байгуулж байв. Хэрэв тоглолтууд энэ маягаараа өндөрлөвөл дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг болох Кристиано Роналдо Конференц лиг буюу гуравдугаар ангиллын Европын тэмцээнд тоглох магадлалтай байлаа.
Харин тоглолтын өмнөх Бөрнлигийн лигт үлдэх өндөр магадлал тэр чигтээ Лийдс Юнайтедийн тал руу шилжив. Учир нь Бөрнли клуб 1:0 харьцаатай ялагдаж нөгөө талд Лийдс Юнайтед, Брентфорд Юнайтедийг 1:0 харьцаатай илүүрхэж байв.
ХОЁРДУГААР ХАГАС ЭХЭЛЛЭЭ
38-аар тойрог эхлэхээс өмнө цэнхэр өнгийн гоёмсог туузаар чимэглэгдэн Этихад цэнгэлдэх хүрээлэнд залраад байсан Премьер лигийн цом туузынхаа өнгийг улаан өнгөөр сольж Ливерпүүл хот руу зөөгдөх магадлалтай болсон байв. Учир нь Ливерпүүл клубийн хуучин цэрэг Бразил тоглогч Филипе Коутиньо Астон Виллагийн нэрийн өмнөөс гоол оруулснаар тоглолтын харьцаа 2:0 болов. Ливерпүүл клуб Премьер лигийн 2021-2022 оны улирлын аварга болоход тэдэнд ганцхан гоол хэрэгтэй байв. Хэрэв тэд нэг гоол оруулбал Манчестер сити клуб үлдсэн 20 минутад гурван гоол оруулах шаардлагатай. Яг л энэхүү цаг мөчид хоёр багийн хөгжөөн дэмжигчид өөрсдийн багийн тоглолтоо бус эсрэг багийнхаа тоглолтыг илүү анхааран үзэж эхэллээ.
Тоглолтын 70 дахь минут. Сон Хын Мин энэ улирлын Английн Премьер лиг дэх 22 дахь гоолоо оруулж мэргэн буучдын жагсаалтыг Мохамед Салахын хамт тэргүүлж эхэллээ. Тоглолтын 75 дахь минут. Сон Хын Мин энэ улирлын Английн Премьер лиг дэх 23 дахь гоолоо оруулж мэргэн буучдын жагсаалтыг ганцаараа тэргүүлж эхэллээ. Норвич хотын Карроу Роуд цэнгэлдэх хүрээлэнд тавхан минутын дотор Өмнөд Солонгос залуугийн мөрөөдөл биелэх нь тэр. Тухайн цаг минут хүртэл Европын топ 5 лигийн алинд нь ч ази тоглогч мэргэн бууч болж байгаагүй байсан билээ. Тэгвэл Сон Хын Мин тэдгээр лигүүдийн хамгийн өрсөлдөөнтэй нь болох Английн Премьер лигийн 2021-2022 оны улирлын мэргэн бууч болох болзлыг хангаж түүх бүтээв. Хамгийн гайхалтай нь тэрбээр уг гоолуудынхаа нэгийг нь ч торгуулийн цохилтоос оруулаагүй гэдэгт оршино.
Гэвч нөгөө талд улам гайхалтай зүйлс тохиолдож дэлхийн хамгийн шилдэг спорт бол хөлбөмбөг гэдгийг дахин нэг удаа дэлхий нийтэд батлан харуулсан. Манчестер Сити клуб дөрөвхөн минутын дотор нийт гурван гоолыг Астон Виллагийн Швед хаалгач Робин Олсены хаалганд шигтгэж тоглолтын тэргүүллийг өөрсдийн гарт шилжүүлэв. Уг мэдээ дэлхий даяар тарсны дараа Ливерпүүл-Волверхэмптон тоглолт явагдаж байсан Энфилд цэнгэлдэх хүрээлэнгийн хөгжөөн дэмжигчдийн хэсэг тэр чигтээ анир чимээгүй байдалд автав. Ливерпүүлийн хөгжөөн дэмжигчид Этихадад юу болсныг мэдэж байлаа. Турк гаралтай Герман хагас хамгаалагч Илкая Гюндоган хоёр гоол оруулж Манчестер Сити тоглолтыг тэргүүлж эхэлсэн гэдгийг тэд мэдэж байлаа.
Ямар нэгэн байдлаар гоол оруулах ёстой байсан тул гэмтэл нь гүйцэд эдгээгүй байгаа Мохамед Салахыг талбайд оруулах шийдвэрийг Юрген Клопп гаргав. Мохамед Салах ч өөрт олдсон боломжийг ашиглан Премьер лигийн 23 дахь гоолоо орууллаа. Тэрбээр 10 жилийн өмнө сүүлийн мөчид гоол оруулж Манчестер Юнайтэд клубийн аваргын цомыг хулгайлсан Серхио Агуэрогийн адилаар боломжгүй зүйлийг боломжтой болгосон мэт хөгжөөн дэмжигчдийнхээ булан руу очиж гоолын баяраа тэмдэглэв. Гэтэл тэр үед нэгэн хөгжөөн дэмжигч түүнд зүүн гарын хоёр хуруугаа, баруун гарын гурван хуруугуу гаргаж Манчестер Сити ялалт байгуулж байгаа гэх гунигт мэдээг Мохамед Салахт дуулгаж түүний аз жаргалыг хормын дотор үгүй хийж орхив.
Уг цаг үед Ливерпүүл клубийн дэмжигчдийн хамт Вест Хэм клубийн хөгжөөн дэмжигчид гунигт автаад байв. Учир нь 2004 оноос хойш 18 жилийн турш Вест Хэм клубийн төлөө хүчин зүтгэсэхдээ багийн уураг тархи болох хагас хамгаалагчийн хувиар нийт 472 тоглолтод оролцож 55 гоол оруулсан тэдний домогт ахлагч Марк Нобл даруухан замналынхаа хамгийн сүүлчийн тоглолтыг Брайтын клубийн эсрэг хийж 3:1 харьцаатай ялагдал хүлээж нулимс дүүрэн нүдтэйгээр хөлбөмбөгийн ногоон талбайг орхиж байлаа.
90+4 дэх минут дуусаж Этихад цэнгэлдэх хүрээлэнд Майкл Оливер шүүгч тоглолт өндөрлөснийг зарлан эцсийн шүглийг үлээж Манчестер Сити клубийг Премьер лигт зургаа дахь удаагаа аваргалж буйг албан ёсоор зарлалаа.
Ийнхүү Премьер лигийн багуудын дараалал албан ёсоор тодорхой болж ирэх улиралд Англи улсыг төлөөлөн Манчестер Сити, Ливерпүүл, Челси, Тоттенхэм гэх клубүүд Аваргуудын лигт, Арсенал болон Манчестер Юнайтед Европа лигт, Вэст Хем Юнайтед Конференц лигт хүч үзэхээр болов. Харин лигээс унаж дараа улиралд Чэмпионшип лигт хүч үзэх багуудаар Норвич Сити, Уатфорд, Бөрнли гэх клубүүд тодорч мэргэн буучдаар Сон Хын Мин болон Мохамед Салах нар адил 23 гоолтой шалгарлаа.
Мөн Манчестер Ситигийн Украин хамгаалагч Александр Зинченко аваргын баяраа тэмдэглэж байх үедээ дайны хөлд нэрвэгдээд буй эх орныхоо төрийн далбаагаа Премьер лигийн цомноос уяж буй дүр зураг дэлхий нийтийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн юм.
П.Тамир
Сэтгэгдэл (1)