Цагаан толгойн үсгийг худалдаж авдаг, зардаг, бүр заримынх нь хүүхдийн ирээдүйн амьдралыг шийддэг ч гэнэ. Ийм дэмийрэл гэхүү мухар сүсэг гэхүү тайлбарлах боломжгүй тэнэглэлийг хэдэн өдөр сошиалаар хүн бүр дүгнэлээ.
Хүнтэй харилцахдаа, ярилцахдаа, бичихдээ “А” үсгийг ихэвчлэн ашигла, энэ бол үгийн эхэнд байдаг ажил бүтээдэг, баян болгодог, ухаантай болгодог гэвэл хэн нэгэн оролдож үзэж магадгүй л юм. Бид өнөөдөр ийм л ард түмэн болчихож. Мэдээж бүгд биш. Харин 35 үсгийг ялгаварлаж байгаа тэр хүн зургаан настай хүүхдээ ирээдүйд ямар хүн болгож өсгөх бол гэдэг л гол асуудал.
Бага ангиас нь эхлээд л ийм байдлыг бий болгодог бид “дээр” суугаа 76-г яагаад сонгосоноо гайхах хэрэггүй ч юм шиг. Ямар ард түмэн байна тийм төр байдаг гэдэг дээ. Тиймээс хүн бүр хүүхдийнхээ ямар үсэг болоход биш ямар хүн болоход анхаардаг, санаагаа чилээдэг болчихвол бид өнөөдөр биш ч ирээдүйд тийм төртэй болж сая нэг тайван бас бүтэн амьсгаа авна.
Монгол хэлний баялаг түүх, заримыг нь гадаад хэлэнд орчуулах ч боломжгүй үг, өгүүлбэр бүтээдэг 35 үсэг зүгээр л “буруутан” болчихлоо. Инээдтэй байгаа биз. Гэвч энэ инээд эмгэнэлийнх гэдгийг хүн бүр, дор бүрнээ бодсон болов уу.
Бид баяр болгоныг алгасахгүй хамгийн гоё зургаа татуулаад зурагт мэндчилгээ хийлгээд сошиал хаягаараа баяр хүргээд суудаг улстөрчдийг сонгосон. Улсаа удирдуулсан, эргээд шүүмжилсэн.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баяр, Хичээлийн шинэ жилийн баяр, Цагаан сар, Март 8, наадам, цэргийн баяр, эмч, багш нар, хуульч гээд олон улсын тэмдэглэлт өдрөөс улсын баяр, улсын баяраас салбарын баяр хүртэл “халин дүүлнэ”. Бүр сүүлдээ байгууллагын дарга, удирдлагууд нь ямар нэг хууль баталсны тэдэн жилийн ойн баяр хүргэж мэндчилгээ хийсэн байх жишээтэй. Дээрээсээ доошоо ингэж нөлөөлж, ийм сэтгэхүйг хэлэхгүй ч үйлдлээрээ өвлүүлэн үлдээсээр.
Тухайн баярыг холбогдох салбарт нь үлдээж болно шүү дээ. Тухайлбал, Хичээлийн шинэ жилээр салбарынхантай нь зэрэгцээд УИХ-ын 76, Засгийн газрын гишүүд бүгд аль нэг сургуулийн нээлтэд оролцож, зураг татуулж мэндчилгээ хийнэ. Шилдэг хүүхэд гэж медаль, цом, шагнал гардуулна. Энэ олон шагнал дотор нь зөв хүн, сайн хүн байхтай холбоотой нэг ширхэг ч шагнал байхгүй.
Эмч нарын баяр, батлан хамгаалах, соёл урлаг гэх мэт баяр хүргэхгүй салбар ч гэж алга. Гишүүдийн фэйсбүүк хуудас руу ороод үзвэл ямар нэг баяраар мэндчилгээ дэвшүүлээгүй нь бараг л байхгүй. Салбар бүрийг хариуцах, холбогдох хүмүүст нь үлдээгээд өөрсдөө урдах ажлаа л хийгээсэй. Наад зах нь Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хичээлийн шинэ жилийн өдрөөр цэцэрлэг, сургуулиар явж хүүхдүүдтэй өнгөлөг зураг татуулж, ухаантай үгтэй пост оруулахаас илүү хүүхдийн эрхийг хамгаалах, томчуудийн үүрэг, хариуцлагыг сайжруулах, боловсролын салбараа өөд нь татах талаар шийдэл гаргаад сууж байвал тэр өдрийн утга учир, УИХ-ын 76-гийн хийх ёстой ажлыг сая нэг бодитоор харж зүгээр л байсан 35 үсэг ирээдүйд буруутан болохгүй байх.
Хоёр бүсгүй хэнэг ч үгүй “12 жил чинь нэг жаран байхгүй юү” гэж ярилцдаг шиг бид хэдэн жарны дараа энэ хийсвэр үзэл, бодол, дэмийрэл, бугшсан хэвшмэл ойлголт, буруу үлгэрлэлээс хөндийрөх бол.
Г.Сувд