Дэлхийн дээрх и-спортын хамгийн том байгууллага бол яах аргагүй Украны Натус Винсер буюу Нави билээ. Тэгвэл CS:GO-ын дэлхийн чансааны хоёрдугаар байранд бичигддэг энэ оны Мэйжор тэмцээний хоёрдугаар байрын шагналт Нави багийн ирээдүй хэрхэх нь маш эргэлзээтэй нөхцөл байдалтай байна. Учир нь уг Украин багийн бүрэлдэхүүнд гурван орос тоглогчид багтдаг. Орос-Украины нөхцөл байдал улам ширүүссээр энэ оны хоёрдугаар сарын 24-нд ОХУ-ын зэвсэгт хүчин Украин улсын газар нутаг руу халдаж хоёр улсын хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тэгвэл уг нөхцөл байдлаас болж Нави-гийн ерөнхий захирал: “Манай байгууллага ОХУ-д амьдарч тус улсад татвар төлдөг хүмүүстэй цаашид хамтарч ажиллахгүй.” гэж мэдэгдэл хийж байсан.
“ElectroNic” нэрээр тоглодог Денис Шарипов, “Boombl4” нэрээр тоглодог багийн ахлагч Кирилл Михайлов, “Perfecto” нэрээр тоглодог Илья Залуцкий нар бүгд ОХУ-ын иргэд тул багийн эзний гаргасан мэдэгдлээс болж цаашид Нави багт тоглох боломжгүй болж байгаа юм. Гэхдээ уг асуудлыг шийдэх нэг боломж байгаа нь эдгээр тоглогчид өөр улсын иргэншил авах. Денис Шариповын хувьд Украин улсын иргэншил авахаар төлөвлөж байгаа гэх мэдээлэл сүүлийн үед хурдацтай тархаж байгаа бол Кирилл Михайлов, Илья Залуцкий нар ОХУ-д эхнэр хүүхэдтэй тул одоогоор ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Эдгээр тоглогчдын шийдвэрээс шалтгаалж Нави багийн цаашдын тэмцээн уралдаанд оролцох бүрэлдэхүүн шинээр зарлагдах бөгөөд уг тоглогчид өөр улсын нэр дээр харьяалагддаг ч орос тоглогчидтой багуудад элсэн орох магадлалтай.