И-спортын хамгийн том төрлүүдийн нэг болох PUBG Mobile-ын про лигийн 150,000 ам.долларын шагналын сантай Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар 19-22-ны өдрүүдэд Бангладеш, Непал, Монгол, Пакистан гэх дөрвөн орны шилдэг 16 багийн дунд амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Уг тэмцээнд Монгол улсыг төлөөлөн Stalwart Esports, IHC Esports, Seal Esports гэх гурван баг оролцож нийт 24 тоглолтын дараах нийлбэр дүнгээр Stalwart Esports түрүүлж, Seal Esports тавдугаар байранд, IHC Esports долдугаар байранд шалгарсан амжилттайгаар тэмцээнийг өндөрлүүллээ.
Stalwart Esports-ын хувьд өмнө жил Astra Academy гэх нэртэйгээр уг тэмцээнд түрүүлж байсан ба 2021 оны ДАШТ-д оролцож байсан шилдэг баг юм.
Тэд тэмцээнийг эхний өдрөөс хойш тэргүүлсэн бөгөөд тэргүүллээ алдалгүй явсаар нийт 323 оноотойгоор хоёрдугаар байранд орсон багаасаа 50 оноо хол тасран итгэл төгс аваргаа хамгаалж 40,000 ам.долларын эзэд болсон. Мөн уг тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор Stalwart Esports-ын тоглогч TOP буюу Алтангэрэлийн Бүрэнбаяр шалгарсан.
Stalwart Esports болон Монгол улсын бусад баг тамирчдад дараа дараагийн тэмцээнүүддээ амжилттай оролцож эх орныхоо нэрийг улам өндөрт мандуулахыг хүсэе.
П.Тамир