Дейтоны их сургуулийн сагсанбөмбөг болон бусад спортын багуудын тухай нийтлэл бичдэг Дэвид Жаблонски гэх сэтгүүлч энэ зургадугаар сарын 15-нд шинэ багтайгаа нэгдэж NCAA-гийн нэгдүгээр дивизонд тоглохоор болсон хамгийн анхны монгол хүн болох Шаравжамцын Энхийн-Одын тухай нийтлэл бичжээ. Уг нийтлэлийг та бүхэнд бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
“Би маш их догдолж байна. Дейтоны их сургуулийн сагсанбөмбөгийн багийн нэг хэсэг болж байгаадаа туйлын их баяртай байгаа. Би бэлэн. Би хамгийн өндөр зэрэглэлд тоглож илүү их сайжирмаар байна.” хэмээн хэлсэн хүүг Шаравжамцын Энхийн-Од гэдэг. Тэрбээр NCAA-гийн нэгдүгээр дивизоны сагсанбөмбөгийн багийн төлөө хүчин зүтгэх анхны монгол хүн. Энхийн-Од нь 2 метр 3 сантиметр өндөртэй боловч холбогчийн байрлал дээр тоглодог ба Дейтоны баг түүний байрлал дээр хүчээ зузаатгах шаардлагатай байсан. Түүний эцэг болох 2 метр 13 сантиметр өндөртэй Цэрэнжанхарын Шаравжамц Монголын хамгийн алдартай тамирчдын нэг байсан бөгөөд 20 жилийн өмнө Харлем Глобетроттерсийн төлөө төвийн тоглогчийн хувиар тоглож “Монгол шарк” гэх нэрийг авсан нэгэн.
Энхийн-Одыг бүрэлдэхүүндээ нэмснээр дараа улирал Дейтоны сагсанбөмбөгийн түүхэн дэх хамгийн дурсамжтай улирлуудын нэг байх бүрэн боломжтой болсон. Гэхдээ үүнээс өмнө Энхийн-Од Охайогийн зүүн хойд хэсэг дэх ахлах сургуульдаа сурагчийн хувиар хэдэн долоо хоногийг үдэх хэрэгтэй.
Энхийн-Од болон түүний ISA академийн дасгалжуулагч Дэйв Бриски нартай Эндрюс Осборн академийн нэгэн хоосон ангид тухлан сууж ярилцсан ярилцлагаа хүргэж байна.
-Сэтгүүлч: Эх нутгийнхаа юуг хамгийн ихээр санаж байна вэ?
-Энхийн Од: Мэдээж Монгол хоолыг санаж байгаа. Маш их мах байдаг шүү.
-Сэтгүүлч: Англи хэлийг сурахад хэр хэцүү байсан бэ?
-Энхийн-Од: Миний хувьд АНУ-д анх 12 настайдаа ирж байсан. Тухайн үед би “Hi” буюу сайн уу? гэх үгийг л мэддэг байсан.
-Сэтгүүлч: Гурaвдугаар сарын 5-нд Дейтоны их сургуулийн баг Дэвидсон коллежийн багийн эсрэг талбай дээрээ ялалт байгуулах үед та сэлгээний тамирчдын ард гэр бүлийнхнийхээ хамт сууж байсан. Тухайн үед ямар сэтгэгдэл төрж байв?
Энхийн-Од: Үнэхээр том тоглолт байсан шүү. Тоглолтын эрч хүч үнэхээр их мэдэгдсэн. Ирээдүйд надад тийм л эрч хүч хэрэгтэй.
Сэтгүүлч: Таны хувь өмнөх зунаас хойш ISA академид харьяалагдан бэлтгэл хийж байгаа. Энэ тухайгаа?
Энхийн-Од: Би илүү сайн шиддэг болсон. Мөн талбай дээр болон талбайн гаднаас багийн гишүүдээ мэдэрч тэдний төлөө юу хийж чадах тухайгаа олж чаддаг болсон шүү.
Түүний эцэг Ц.Шаравжамц өөрийн твиттер хаягаараа дамжуулан Энхийн-Одын тухай сүүлийн үеийн мэдээллүүдийг хүргэдэг ба тэрбээр ISA академийн улирлын тоглолт дууссаны дараа, “ISA дахь Майкийн (Энхийн-Одын англи нэр) улирал маш сайхан болж өндөрлөлөө. Тэр багийн лидерийн хувиар тоглож талбай дээрх жанжин гэдгээ бусдад харуулж чадсан” гэж жиргэж байжээ.
Энхийн-Од нийт 24 тоглолтод 10.2 оноо, 4.6 самбараас бөмбөг авалт, 3.6 ассист буюу оновчтой бөмбөг дамжуулалт дундчилж гурвын зайнаас 51.2 хувьтай шиджээ. Тэрбээр 2021 оны арван хоёрдугаар сард Дейтоны их сургуульд элсэн орох болсон гэдгээ зарлах үедээ ESPN-ий гаргасан 2022 онд ахлах сургуулиа төгсөх шилдэг 100 тамирчдын эгнээнд багтаж байсан ба On3.com -ын зүгээс гаргасан жагсаалтад анх 76-аар байранд бичигдэж байсан бол уг жагсаалтын хамгийн сүүлийн шинэчлэлтээр 40-дүгээр байр луу дэвшсэн байна.
ISA академийн дасгалжуулагч Дэйв Бриски, “Энхийн-Од бид бүхнийг улам шилдэг дасгалжуулагчид болгосон. Энэ нь дээд түвшний магтаал шүү. Тэр маш авьяастай тул манай академийн дасгалжуулагчдын баг түүнийг хэрхэн зөв хөгжүүлэх талаараа ойлгох хүртлээ нэлээд цагийг зарцуулсан. Хөгжлийн хувьд гэвэл бид түүнд хэрхэн сайн шиддэг болохыг заагаагүй. Миний бодлоор Энхийн-Од өөрт тохирсон дасгал сургуулилтыг манай академид хийх боломжтой байсан болохоор түүний үсрэлттэй шидэлтийн хувь ихэссэн. Түүний үсрэлтэд бид урьд өмнө нь хүрч байсан гэж бодохгүй байна. Би түүний үсрэлттэй шидэлтэд үнэхээр дуртай.
Тэр бэлтгэлээ тогтмол хийсний үр дүнд одоогийн түвшинд хүрсэн. Энхийн-Од бэлтгэлийн өрөөнд бараг л амьдардаг. Тэр сагсанбөмбөгт үнэхээр их хайртай. Түүнийг дасгалжуулах хэзээ ч хэцүү байгаагүй. Миний бодож байгаагаар бид түүний тоглолтын хүрээг улам өргөжүүлэхийн тулд тодорхой хэдэн чиг хандлагуудыг нь өөрчилсөн. Хамгийн аймшигтай зүйл гэвэл ирээдүйд Энхийн-Од ямар ч сул талгүй тоглогч болох болно. Энхийн-Од талбайн гадна гаргасан хичээл зүтгэлийг үнэлмээр байна. Тэр ISA академийн дасгалжуулагч Жек Леммоны программын дагуу 10 килограмм нэмсэн. Мэдээжийн хэрэг Энхийн-Од цаашид үргэлжлүүлэн жин нэмэх хэрэгтэй. Хүн болгон түүнийг хэт туранхай гэж хэлдэг. Гэхдээ тэр нэлээд хүчирхэг шүү. Тэр одоо өөр түвшинд очсон. Найман сарын өмнөх Энхийн-Од болон одоогийн Энхийн-Од нар хоорондоо эрс тэс ялгаатай.
Тэр дотуур байранд байх үедээ биеэ даах байдлаараа бусад хүүхдүүдээс илт ялгардаг. Тэр бэлэн. Тэр зургадугаар сарын 15-нд Дейтоны их сургуулийн нэг хэсэг болохдоо бэлэн. Улсын хамгийн шилдэг 20 багийн нэг болох Дейтоны сагсанбөмбөгийн багийн цор ганц нэгдүгээр дамжааны оюутны хувиар өөртөө тоглох хангалттай минут олж авна гэдэг тийм ч амар байхгүй биз. Гэхдээ би түүнийг энэ сорилтод бэлэн гэж бодож байна” гэж хэлжээ.
-Сэтгүүлч: Дейтоны сагсанбөмбөгийн багийн гишүүд өөрөөс тань юуг хүлээж болох вэ?
-Энхийн-Од: Багийн гишүүд маань надаас тэдэнд гаргаж өгөх олон боломжуудыг хүлээж болно. Би өөрийгөө холбон тоглогч гэж үздэг. Өөрөөсөө гурван насаар ах ахтайгаа хамт сагсанбөмбөг тоглодог байх үедээ би талбай дээрх хамгийн жижиг нь байдаг байсан. Тийм болохоор би холбон тоглогчийн байрлал дээр багаасаа тоглосон. Одоо би дөнгөж 19 настай тул ирээдүйд улам өндөр болох байх.
Мөн түүний эцэг Ц.Шаравжамц твиттер хаяг дээрээ, “Өнгөрсөн жил Энхийн-Од 5 сантиметр өссөн. Холбон тоглогчийн хувьд хангалттай гэж бодож байна. Хүү бид хоёрын шүтээн Мэжик Жонсон 2 метр 6 сантиметр өндөртэй холбон тоглогч байсан” гэж жиргэж байсан.
Энхийн-Од дараа долоо хоногт Монгол улсын шигшээ багтайгаа нэгдэхээр эх орон руугаа явах (одоо ирсэн бэлтгэлээ хийж байгаа) бөгөөд 2025 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатанд Вьетнам, Малайз, Тайландын шигшээ багуудын эсрэг тоглоно. Мөн тэрбээр энэ оны дөрөвдүгээр сард Портландад болсон Найк Хүүп Саммит дээр дэлхийн багт багтаж АНУ-ын шигшээ багийн эсрэг тоглосон. Уг тоглолтод Энхийн-Од 11 минутад 2 оноо, 2 хаалт, 2 бөмбөг таслалт, 1 самбараас бөмбөг авалт, 1 оновчтой дамжуулалт гэх үзүүлэлттэйгээр тоглолтыг дуусгаж өөрийнхөө чадамжийг дэлхий нийтэд харуулсан.
Ц.Шаравжамц Дейтоны шигшээ багийг ирэх улиралд NCAA-гийн шилдэг дөрвөн багийн нэг байж чадна гэдэгт итгэж байгаа бөгөөд, “Найк Хүүп Саммитэд сонгогдож дэлхийн багаас тоглох нь сагсанбөмбөгөөр хичээллэдэг олон улсын бүх залуусын мөрөөдөл. Энхийн-Одын холбогчийн хувиар тоглосон сүүлийн хэдэн минут надад таалагдлаа. Хэрэв тэр тоглолтын турш холбогчоор тоглосон бол дэлхийн баг ялалт байгуулах байсан биз. Дейтоны дасгалжуулагчид Энхийн-Одыг маш сайн боловсруулж багийн сагсанбөмбөгийг зааж өгнө гэдгийг мэдэж байна. Мөн тэд миний хүүд маш сайн санаа тавин халамжлах байх. Эцгийн хувиар хүүгээ Дейтоны их сургуулийг сонгосонд маш их баяртай байна” гэж твиттер дээр жиргэж байжээ.
Эх сурвалж: Dayton Daily News
Сэтгэгдэл (4)