Эрэгтэйчүүдийн -81 кг жингийн 2017, 2018 оны Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт, 2018 оны дэлхийн аварга Иран гаралтай жүдоч Саид Моллай манай улсыг төлөөлөн Токио 2020 олимпын наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн билээ.
Тэрбээр 2019 оны Токиогийн ДАШТ-ий хагас шигшээ барилдаанд шалгаран үлдсэн ч Ираны засгийн газраас түүнийг нөгөө талд нь шалгаран үлдсэн Израиль бөх Саги Мукитай барилдуулахгүй байхыг анхааруулж гэр бүлд нь заналхийлсэн. Улмаар дарамтад орсон Саид Моллай хагас шигшээ болон хүрэл медалийн төлөөх барилдаануудад ялагдал хүлээж нулимс дүүрэн нүдтэй уг дэлхийн аваргыг өндөрлүүлсэн.
Үүний дараа тэрбээр төрөлх Иран улс руугаа дахиж очоогүй бөгөөд олимпын медальтан болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд манай улсын иргэншлийг авч Токио 2020 олимпд оролцсон. Саид Моллай ч бидний итгэлийг алдалгүй сайн барилдаж Казахстан, Азербайжан, Гүрж, Австрийн бөхчүүдийг ээлж дараалан ялсаар алтан медалийн төлөө нутгийн бөх 2015 дэлхийн аварга, 2016 оны олимпын хүрэл медальт Таканори Нагасед ялагдаж мөнгөн медаль хүртсэн. Түүний хувьд гэр бүлийн хамт Герман улсад амьдарч бэлтгэлээ хангадаг бөгөөд цаашид Азербайжан улсын нэрийн өмнөөс барилдах шийдвэрийг гаргажээ.
Энэ жил 30 настай түүний хувьд дараагийн олимпд 34 настай байх бөгөөд энэ нь тамирчдын дунд ахмад тамирчинд тооцогдох юм. Мөн олимп дэлхийн тэмцээнүүдэд тухайн улсыг төлөөлөн оролцох тамирчдын тоо хязгаартай байдаг тул түүний оронд шинээр гарч ирж буй монгол залууст өөрсдийгөө харуулах шинэ боломж үүсэж байна. Монгол улсын нэрийг дэлхийн тавцанд өндрөөр гаргаж үүргээ амжилттай гүйцэтгэсэн түүнд сайн сайхныг хүсье.
П.Тамир
Сэтгэгдэл (1)