24tsag.mn энэ удаагийн “Блиц” буландаа Saffron Bane нэрээр уран бүтээлээ туурвидаг залуу уран бүтээлчийг онцоллоо. Цар тахлын хөл хорионд байхдаа гар утсаараа дуу хийж эхэлж байсан түүний хувьд хоббигоо хөгжүүлж уран бүтээлийн гараагаа эхлээд нэг жил гаруй хугацаа өнгөрчээ.
- Таны жинхэнэ нэр хэн бэ?
- Намайг Э.Бат-Эрдэнэ гэдэг.
- Юуны орд вэ?
- Ихрийн орд.
- Ихрийн ордныхон хоёрдмол зан чанартай гэдэг. Таны зан чанартай, орд нь хэр зохицдог вэ?
- Тэр талаар анзаарч байгаагүй юм байна.
- Айлын хэд дэх хүүхэд вэ?
- Айлын бага хүүхэд, нэг эгчтэй.
- Saffron Bane нэрийн учир?
- “Saffron” гэдэг нь халуун ногооны нэр, дэлхийн хамгийн үнэтэй, гаргаж авахад хэцүү нэг төрөл. Харин “Bane” гэдэг нь дагаад хэлэхээр гоё сонсогдоод байхаар нь өгчихсөн.
- Яагаад халуун ногоо гэж?
- Анх уран бүтээлээ эхлэхдээ үглэдэг байсан. Тиймээс гарч ирэхдээ халуун бас гал шиг гэдэг утгаар.
- Хамгийн сүүлд ямар дуу сонссон бэ?
- Өнөөдөр дуу сонсоогүй юм байна. Сэрээд шууд ирлээ.
- Гадаадын уран бүтээлчтэй хамтрахаар болбол хэнийг сонгох байсан бэ?
- Doja Cat.
- “Харуусна” дууны тухай?
- Энэ дууг учир утгатай хийгээгүй ээ. Мөр мөрөөр нь үгээ бичээд, гоё сонсогдох талаас нь бичиж байсан.
- Хар ус уусандаа харамсаж байсан уу?
- Үгүй ээ.
- Бат- Эрдэнэ байх, Saffron Bane байх ялгаатай юу?
- Ялгаатай. Бат-Эрдэнэ хичээл номоо хийдэг, даруухан залуу, харин Saffron Bane байх жоохон өөр. Тодорхойлоход хэцүү юм байна.
- Өөрийгөө гурван үгээр илэрхийлбэл?
- За байз... humble (даруухан), бүтээлч, залхуу.
- Багадаа ямар хүүхэд байсан бэ?
- Багадаа ч бас даруухан хүүхэд байсан. Багш нар асуулт асуухад жоохон айдаг тиймэрхүү.
- Яг одоо халаасанд тань юу байна вэ?
- Банкны карт байна.
- Хамгийн их хэрэглэдэг гурван зүйлийг нэрлэвэл?
- Утас, компьютер, микрофон.
- Өөрийн жаргалтай эсвэл гунигтай мэдрэмжээ уран бүтээлээр илэрхийлбэл?
- Миний “Ганцаараа” гэдэг дуу байдаг даа. Энэ дууг бичихдээ “Up” хүүхэлдэйн киноны богино бичлэгийг үзээд, тэр мэдрэмжээрээ энэ дууг хийж байсан. Тийм болохоор гунигтай мэдрэмжээ энэ дуугаар илэрхийлнэ.
- Өөртөө тохиолдсон мэдрэмжээ дуугаараа илэрхийлж байсан уу, хэрэв тийм бол ямар дуу вэ?
- Мэдрэмжээ дуундаа оруулж байсан юм байна. “Нойтон печень” дууг маш их сэтгэл хөдөлсөн байх үедээ шөнө сууж бичиж байсан. Тэр үедээ аяа сонсож байгаад аяндаа уярсан гэх юмуу даа, өөрийн мэдрэмжээ дуу болгосон.
- Уран бүтээлийн санаагаа хаанаас авдаг вэ?
- Аяа сонсож байгаад юу тохиромжтой байгааг бодож олдог доо.
- Таны амьдралд дуу хөгжим, уран бүтээл хэр үнэ цэнтэй вэ?
- Үнэ цэнтэй байх, хэрвээ дуу хийхээ больчихвол бусдаас ялгарах зүйлгүй Бат-Эрдэнэ болчихно.
- Таны “Bi Polar” дууны тухайд?
- Би өөрөө bipolar биш ээ. Гэхдээ энэ эмгэгийн талаар зарим хүмүүс мэддэг юм байнэлээ. Хүмүүсээс сонссон зүйлсээ зарим мөрөндөө санааг нь оруулж энэ дуу бүтсэн. Харин сонсогчид маань миний дуунуудыг сонсоод өөрийнхөө тухай дуулаад байна гэж ойлгодог юм шиг байсан. Гэхдээ тийм биш ээ. Магадгүй үзсэн киноныхоо дүрийн мэдрэмжийг өөртөө аваад үгээ бичсэн ч байж болно шүү дээ. Хэрэв өөрийнхөө амьдралаар дуу хийгээд байвал уйтгартай болчихно. Сонсогчид энэ дууны цаана гүн утга байна гэж бодож сонсвол өөрт нь тийм санагддаг байх.
*bipolar- Хоёр туйлт сэтгэцийн эмгэг
- Youtube суваг дээрх сэтгэгдлүүдэд ач холбогдол өгдөг үү?
- Эхэндээ уншдаг байсан. Сүүлдээ нээх их тоохоо больчихсон. Харин намайг дэмждэг олон хүн байдгийг мэдээд “гоё” санагдсан.
- “Харуусна” дууны доор “Лам юм уу” гэсэн байсан. Saffron Bane лам юм уу?
- Лам биш ээ. Эгч, найз охин хоёртойгоо Богдын музей үзээд явж байхад бүтээлүүд нь өвөрмөц санагдаад дүрснүүдээ тэнд авсан. Дараа нь Өмнөговь явахдаа нэг хийд рүү ороход лаг лаг бүтээлтэй байсныг дүрсжүүлээд нийлүүлсэн чинь тэр чигтээ хийд болчихсон. Ядаж байхад би өөрөө халзан.
- Сонсогчдоос хамгийн их шүүмжлэл ирсэн уран бүтээл?
- “Фаак боё” дууны араас “Цэцэг” гээд хайрын дуу хийхэд хүмүүсээс хамгийн их шүүмж ирж байсан. Дажгүй үглэж байгаад яагаад гэнэт хайрын дуу дуулчихав аа? гэсэн сэтгэгдэл их ирсэн. Тэр үед хүмүүсийн урмыг хугалчихсан юм шиг санагдсан.
- Хэрэв дуу хийгээгүй байсан бол?
- Жирийн нэг оюутан байх байсан болов уу?
- Блиц асуултад оролцсонд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.
Т.Мөнхжаргал
Уншигч та бүхэнд Saffron Bane-ий сүүлийн үеийн уран бүтээлээс сонирхуулж байна.
Сэтгэгдэл (9)