Европын хөлбөмбөгийн клубүүдийн дунд зохиогддог хамгийн том тэмцээн болох Аваргуудын лигийн 2021-22 оны улирал дуусахад хоёрхон тоглолт үлдлээ. Тус тэмцээний шөвгийн дөрвийн эхний хариу тоглолт болж өнгөрсөн шөнө өмнөх улирлын Европа лигийн аварга Испанийн Вильярреал клуб талбай дээрээ Английн Ливерпүүл клубийг хүлээн авч тоглолоо. Өмнөх тоглолтод Ливерпүүл клуб 2:0 харьцаагаар ялалт байгуулсан байсан тул энэ тоглолтод Вильярреал клуб зайлшгүй хоёроос олон гоолын зөрүүтэй хожих даалгавартай байв. Тоглолт эхлээд тун удалгүй 3 дахь минутад франц довтлогч Булайе Диагийн оруулсан гоолоор Вильярреал клуб тэргүүллийг авч нэгдүгээр үеийн төгсгөлд мөн л франц хагас хамгаалагч Франсис Коклений гоолын ачаар тоглолтыг 2:0 харьцаагаар тэргүүлж цувралыг 2:2 болгон тэнцүүлж Ливерпүүл клубийг тун хүнд нөхцөл байдалд оруулсан.
Гэвч хоёрдугаар үе тэдний хувьд хар дарсан зүүд мэт болж өнгөрөв. Хоёрдугаар үеийн 62-74 минутад буюу дөнгөж 12 минутын дотор Ливерпүүл клуб гурван гоолыг оруулж тоглолтыг бүр тэргүүлж уг үр дүнгээ хадгалсаар тоглолтыг дуусгаж дахин нэг удаа Аваргуудын лигийн финалд шалгаран үлдсэн. Вильярреал клубийн хувьд мэргэжилтнүүдийн хувьд төсөөлөөгүй сайн тоглолтуудыг энэ улиралд үзүүлж Германы Байерн Мюнхен клубийг тэмцээнээс хасаж шөвгийн дөрөв хүртэл явж чадсанд нь баяр хүргэх хэрэгтэй биз. Харин Ливерпүүл клуб нэг улиралд дөрвөн цом хүртэх боломжоо хадгалан үлдлээ. Тэд Каракбао цомд аль хэдийнээ түрүүлээд байгаа бөгөөд тавдугаар сарын 14-нд ФА цомын финалд Челси клубийн эсрэг тоглоно. Мөн Прьемер лигийн аваргын төлөөх өрсөлдөөнд тэд Манчестер Сити клубээс нэгхэн онооны ард бичигдэж байгаа. Мөн тавдугаар сарын 29-нд болох Аваргуудын лигийн финалд Ливерпүүл клубийн эсрэг тоглох багийн нэр өнөөдөр орой тодорно.