“Алдар танан гарьд” багийн ахлах дасгалжуулагч О.Баярцогттой ярилцлаа.
-Таны хувьд ирэх жилээс дээд лигийн багаа орхино гэж ойлгосон. Яагаад ийм шийдвэр гаргах болсон бэ? Энэ талаар уншигчдадаа дэлгэрэнгүй тайлбарлавал?
-Миний хариуцаж авсан хүүхдийн дөрвөн баг, оюутны таван баг бий. Үүн дээр нэмэгдээд дээд лигийн багтай нийлэхээр ажлын ачаалал маш их болж нэмэгддэг. Иймд удирдлагуудтайгаа ярилцаад ирэх 2023 оноос дээд лигийн багаа орхиж, оюутны баг, сурагчдын багаа авч үлдэхээр шийдсэн. “Этүгэн ирвэсүүд”-ийн оюутан, сурагчид маань сургуульдаа 20-100 хувийн тэтгэлгээр суралцдаг. Оюутны таван багт ойролцоогоор 75-80 оюутан, дунд сургуулийн 60 орчим сурагчид бий. Тэдэнд маань хэрэгтэй шүү дээ. Тийм ч учраас сургуулийн захиргаатай ярилцаж байгаад хүүхдүүдийн төлөө, хүүхдүүдэд боломж олгох үүднээс өсвөрийн багаа, оюутны багтайгаа авч үлдэхээр төлөвлөж байгаа. Харин ямар нэг үл ойлголцол байхгүй ээ.
-Тэгэхээр “Алдар танан гарьд” багтай нэг жилийн хугацаанд л хамтарна гэсэн үг үү?
-Гэрээгээ нэг жилээр хийсэн. Мэдээж багийн амжилт, хийж байгаа ажлын үр дүнгээс шалтгаалаад цаашдаа яахаа шийднэ.
-Хэдхэн хоногийн өмнө “Монголын сагсан бөмбөгийн холбоо” нэгдэж, шинэ удирдлагаа хүлээж авлаа. Мөн үүнтэй зэрэгцэж өмнөх удирдлагын үед шигшээ багт дуудагдсан хүмүүсийн нэрс өөрчлөгдсөн байсан.
-Тийм ээ. Энэ талаар хүмүүс маш их сонирхож байгаа. Миний хувьд шинэ байгуулагдсан сагсан бөмбөгийн холбоотой ажиллахгүй, дэмжихгүй гэсэн үүднээс гарсан юм биш шүү. Мэдээж олон жилийн турш тусдаа яригдаж байсан маань нэгдсэнд баяртай байна. Миний амьдралд маш олон хувийн шалтгаанууд бий. Гэр бүлд маань, “Этүгэн ирвэсүүд” клубт маань гэх мэтчилэн. Ажлын хувьд гэвэл клуб маань саяхан БНСУ-ын нэг, Япон улсын хоёр клубтэй хамтарч ажиллах гэрээ байгуулсан бөгөөд ирэх зургадугаар сард Солонгос дасгалжуулагч ирэх гэх мэт төлөвлөсөн ажлууд маш олон байгаа. Тиймээс шигшээ багтай хамтарч ажиллах боломжгүй болсон.
-Таны хувьд шигшээ багт дуудагдсан 25 тамирчны бүрэлдэхүүнийг юу гэж харж байна вэ?
-Миний хувьд энэ бүрэлдэхүүнийг зөв гэж харж байгаа. Цаашдаа 3х3, 5х5 нь тусдаа явж, шигших байх гэж бодож байна.
-Шигшээ багт дуудагдсан тамирчид дунд гадаадад байгаа хэд хэдэн тамирчид харагдаж байсан. Ш.Энхийн-Од, Н.Батбаяр, Д.Баясгалан гэх мэт. Тэдний хувьд энд ирэх боломж нь байгаа болов уу? Н.Батбаярын хувьд БНСУ-ын иргэншлээ авсан гэж байсан энэ үнэн үү?
-Өмнөх шигшээ багийн нэрс дуудагдсаны дараагаар би Ц.Шаравжамц гавьяат, Ш.Энхийн-Одтой холбогдоод эх орондоо ирэх санал тавьсанд хүлээж авсан. Энэ сарын 10 хавьцаа ирэхээр болсон. Н.Батбаярын хувьд БНСУ-ын “Samsung Thunder” багт тоглож байгаа. Бид тус багт болон БНСУ-ын сагсан бөмбөгийн холбоонд албан бичиг хүргүүлсний үндсэнд өчигдөр эх орондоо ирсэн. Түүний хувьд Монгол иргэншилтэй, Монгол улсдаа харьяатай байгаа. Түр хугацаанд оршин сууж байгаа юм билээ. Д.Баясгалангийн хувьд сайн хэлж мэдэхгүй байна. Өмнөх нэрс дуудагдсан үед Ц.Чинзориг дасгалжуулагчаар дамжуулж холбогдож үзсэн. Тэр үед тавдугаар сарын 23-нд ирэх боломжтой гэж хариу өгсөн. Тиймээс хугацаа тулсан үед багийн системийн тоглолтод ороход хүндрэлтэй байх болов уу гээд түр орхисон байсан. Одоо шинэ бүрэлдэхүүн яаж ажиллахыг хэлж мэдэхгүй байна.
-Энэ удаагийн тэмцээн тавдугаар сарын 30-нд Шри-Ланкад болно гэж байсан. Гэвч Шри- Ланкын нөхцөл байдал тийм ч сайн биш байна. Тэмцээний тов өөрчлөгдөх болов уу? Аль эсвэл үргэлжлэх болов уу?
-Нөхцөл байдлаас шалтгаалж Шри-Ланкад болох байсан тэмцээн маань тавдугаар сарын 30-нд Дохад болж өөрчлөгдсөн байгаа.
-Оюутны лиг ямар явцтай үргэлжилж байна вэ? “Этүгэн ирвэсүүд” бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон уу?
-Тавдугаар сарын 9, 11-ны өдөр финалын шат үргэлжилнэ гэж урьдчилсан байдлаар мэдэгдсэн. Этүгэн ирвэсүүдийн хувьд эрэгтэй, эмэгтэй нэгдүгээр шигшээ багууд финалд шалгарч, эмэгтэй хоёрдугаар шигшээ баг маань өчигдөр буюу тавдугаар сарын 1-ны өдөр тавдугаар байрын төлөө тоглосон. Тиймээс эдгээр багууд дээрээ түлхүү ажиллаж байна.
- Таны эмэгтэй шавь нараас ирээдүйтэй тамирчид олон бэлтгэгдэж байх шиг байна.
-Нэг хэсэг эмэгтэй сагс Монголд орхигдсон байсан. Оюутан хугацаандаа бэлтгэгдэж байсан хүүхдүүд сургуулиа төгсөөд л орхигддог байсан. Хот, улсын аварга, шигшээ багийн тэмцээн байдаггүй. Харин одоо гэрэл гэгээтэй болох байх гэж харж байгаа.
Манай багийн Ө.Индра БНСУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарч ажиллахаар гурван жилийн гэрээ хийсэн. Солонгосын эмэгтэй сагсан бөмбөгд тамирчид нь оюутан болон дээд лигт хоёуланд нь тоглодог. Тиймээс тийшээ авахаар тохироод гэрээгээ хийсэн байгаа.
Ер нь оюутнуудыг сурч байх үед нь тэтгэлэг олгоод орхих биш, цаашдын тамирчин болох эхлэлийг нь бэлдэж өгөх, гадагшаа гарах боломжийг нээж өгч ажиллаж байна.
- Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)