Одоо цагийн (мөн бүх цаг үеийн) дэлхий дээрх хамгийн шилдэг теннисчдийн нэг болох Новак Жокович коронавирусын халдварын эсрэг дархлаажуулах вакцинд хамрагдаагүй гэх шалтгааны улмаас энэ оны эхэнд Австралийн нээлттэй тэмцээн тэргүүтэй хэд хэдэн томоохон тэмцээнүүдийг өнжиж улмаар дэлхийн чансааг тэргүүлэгч байр сууриа орос теннисчин Даниил Медведевт булаалгасан. Тэгвэл хамгийн нэр хүндтэй теннисийн тэмцээн болох зургадугаар сарын 27-оос долдугаар сарын 10-ны хооронд зохион байгуулагдах Уимблдон тэмцээнийхээ журмыг өөрчилж коронавирусын вакцин хийлгээгүй тамирчдыг нээлттэй оролцуулахаар болжээ. Ингэснээр тус тэмцээний зургаан удаагийн аварга серби теннисчин Новак Жокович энэхүү тэмцээнд оролцох бүрэн боломжтой боллоо. Гэхдээ Орос-Украины нөхцөл байдлаас болж беларусь болон орос тамирчид Уимблдонд оролцох боломжгүй. Ингэснээр Новак Жокович-Даниил Медведев нар энэ удаагийн Уимблдонд нэгнийхээ эсрэг тулах боломжгүй болж байгаа юм.
Эх сурвалж: SkySports