Улсын ерөнхий прокурор УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах үндэслэлээ УИХ-д өргөн бариад байгаа. Эдгээр дөрвөн гишүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлээр яллагдагчаар татаад байгаа юм.
Тэгвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийг уншигч танд танилцуулъя. Энэ бүлэг нь Авлигын гэмт хэрэгт хамаардаг бүлэг бөгөөд 1 дүгээр зүйл нь Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг байдаг билээ.
Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэг: Авлигын гэмт хэрэг
22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Тайлбар:
-Энэ хуульд заасан "албан тушаалын байдал" гэдэгт эрх нөлөө хамаарна.
-Энэ хуульд заасан "урвуулан ашиглах" гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.
/Энэ зүйлийн тайлбарыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./