Дундговь аймгийн Мандалговь хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 45 дахь, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн УАШТ амжилттай зохиогдож өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 27-нд хүнд 7 жингийн барилдаанууд явагдаж медалийн эзэд тодорлоо. Ингэснээр хоёр хоногийн турш үргэлжилсэн ганцаарчилсан төрлийн УАШТ өндөрлөж бүх 14 жингийн улсын аваргууд тодорсон гэсэн үг юм.
Эмэгтэйчүүдийн -70 кг жинд “Жакарта 2018” Азийн наадмын хүрэл медальт Женко клубийн тамирчин Ц.Наранжаргал аваргын алтан медалийн төлөө Хилчин спорт хорооны тамирчин Ц.Энхчимэгийг ялснаар УАШТ-дээ 12 дахь удаагаа түрүүллээ.
Мөн тэрбээр саяхан зохиогдсон боксын УАШТ-д амжилттай оролцсон. Харин -78кг жинд нийт 5 тамирчин бүртгүүлсэн тул тэд хоорондоо тойргоор барилдаж Хилчин спорт хорооны тамирчин Б.Эрдэнэт-Од бүх өрсөлдөгчдөө буулган авч итгэл төгс түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн хамгийн хүнд ангилал болох +78 кг жинд Алдар спорт хорооны тамирчин А.Адъяасүрэн түрүүлсэн.
Эрэгтэй жингүүдийн хувьд -81 кг, -90 кг, -100 кг, +100 кг жингийн тэмцээнүүд болж өндөрлөсөн бөгөөд -81 кг жинд өмнө нь -73 кг жинд барилддаг байсан Хангарьд спорт хорооны тамирчин Б.Батболд жингийнхээ ах нарын эзгүйд түрүүлсэн. Харин -81 кг жингийн босоо аваргууд болох МУГТ О.Ууганбаатар болон ОУХМ Н.Дагвасүрэн нар хоёул жин өгсөн -90 кг жинд барилдсан бөгөөд бүх өрсөлдөгчдөө ялсаар хоорондоо аваргын алтан медалийн төлөө тулсан. Уг барилдаан Н.Дагвасүрэнгийн ялалтаар өндөрлөсөн ба -90 кг жинд Монгол улсыг төлөөлөн ДАШТ-үүд болон Олимпын наадамд оролцсон Г.Алтанбагана жин өгөсч -100 кг жинд хүрэл медаль хүртсэн. -100 кг жинд Сүлд спорт хорооны тамирчин Б.Гончигсүрэн, Алдар спорт хорооны тамирчин О.Хангал нар барилдаж Б.Гончигсүрэн 2022 оны жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг жингийн улсын аварга болсон. Харин хамгийн хүнд жин болох +100 кг жинд ОУХМ О.Цэцэнцэнгэл энэ удаагийн УАШТ-ийг бэртлийн улмаас өнжсөн ба түүний эзгүйд Сүлд спорт хорооны тамирчин, та бүхний сайн мэдэхээр Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүлсэн.
Мөн 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээний “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар -48 кг-ын жинд алтан медаль хүртсэн Хөвсгөл аймгийн тамирчин Б.Баасанхүү, “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар +100 кг-д алтан медаль хүртсэн Сүлд спорт хорооны тамирчин Э.Мөнхжаргал нар тодорсон. Энэ удаагийн УАШТ-ээс медаль хүртсэн тамирчид энэ оны зургадугаар сард зохиогдох “Улаанбаатар Гранд При” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм байна.
Та бүхэнд тэмцээний хоёр дахь өдрийн медальтнуудын бүрэн жагсаалтыг хүргэж байна:
Эмэгтэй -70 кг
Алт – Ц.Наранжаргал /Женко клуб/
Мөнгө – Ц.Энхчимэг /Хилчин спорт хороо/
Хүрэл – Ц.Мөнгөнтуяа /Монголын жүдо академи/
Хүрэл – М.Даваасүрэн /БЖА/
Эмэгтэй -78 кг
Алт – Б.Эрдэнэт-Од /Хилчин спорт хороо/
Мөнгө – Б.Ганзаяа /Женко клуб/
Хүрэл – Б.Ням-Эрдэнэ /Женко клуб/
Хүрэл – Б.Хонгорзул /Женко/
Эмэгтэй +78 кг
Алт – А.Адъяасүрэн /Алдар спорт хороо/
Мөнгө – Д.Номинзул /Алдар спорт хороо/
Хүрэл – М.Ууганжаргал /Монголын жүдо академи/
Хүрэл – С.Буянзаяа /Дундговь аймаг/
Эрэгтэй -81 кг
Алт – Б.Батболд /Хангарьд спорт хороо/
Мөнгө – Г.Болор-Очир /Женко клуб/
Хүрэл – Б.Алтансүх /Хурд клуб/
Хүрэл – Б.Эрдэнэбаяр /Хангарьд/
Эрэгтэй -90 кг
Алт – Н.Дагвасүрэн /Хангарьд спорт хороо/
Мөнгө – О.Ууганбаатар /Сүлд спорт хороо/
Хүрэл – Б.Бат-Эрдэнэ /Хилчин спорт хороо/
Хүрэл – Д.Мөнхбаяр /Женко клуб/
Эрэгтэй -100 кг
Алт – Б.Гончигсүрэн /Хилчин спорт хороо/
Мөнгө – О.Хангал /Алдар спорт хороо/
Хүрэл – Г.Алтанбагана /Алдар спорт хороо/
Хүрэл – Б.Гаажадамба /Женко клуб/
Эрэгтэй +100 кг
Алт – Э.Мөнхжаргал /Сүлд спорт хороо/
Мөнгө – С.Бат-Орших /Алдар спорт хороо/
Хүрэл – Д.Нямхүү /Хэнтий аймаг/
Хүрэл – Х.Цогтгэрэл /Алдар спорт хороо/
П.Тамир
Сэтгэгдэл (1)