2023 оны мөсөн хоккейн ДАШТ-ийг ОХУ нутаг дээрээ зохион байгуулахаар төлөвлөгдсөн байсан боловч Орос-Украины нөхцөл байдлаас болж Олон Улсын Хоккейн Холбоо уг шийдвэрээсээ буцаж тэмцээнийг өөр газар зохиохоор болсон гэдгээ өнгөрсөн мягмар гарагт зарлалаа. ДАШТ-ийг зохион байгуулах улсын нэр дараа сард зарлагдах бөгөөд анх 2023 оны тавдугаар сард Санкт-Петербург хотод зохиогдох товтой байжээ. Олон Улсын Хоккейн Холбооны мэдэгдлийг орчуулбал: “Тэмцээнд оролцогч тамирчид болон хөгжөөн дэмжигчдийн аюулгүй байдлыг бүрэн хангахын тулд ДАШТ-ийг өөр улсад зохион байгуулахаар болсон. Мөн бид ДАШТ-ээс гадна 2023 онд ОХУ-ын Омск, Новосибирск хотуудад зохиогдох байсан залуучуудын ДАШТ-ийг өөр газарт зохиох шийдвэрт хүрсэн.” гэжээ. Мөн хоёрдугаар сард гарсан шийдвэрийн дагуу ОХУ, Беларусь улсын клубүүд болон шигшээ багууд олон улсын тэмцээнд оролцох эрхгүй болсон.
Эх сурвалж: CNN