Тив дэлхийн тавцанд монгол тамирчдын хамгийн өндөр амжилт үзүүлдэг спортуудын нэг бол яах аргагүй жүдо бөх билээ.
Тэгвэл энэхүү цаг мөчид Дундговь аймгийн Мандалговь хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 45 дахь, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн УАШТ амжилттай зохиогдож өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 26-нд хөнгөн 7 жингийн медалийн эзэд тодроод байна.
Эмэгтэйчүүдийн -48 жг жингийн аваргын төлөө энэ онд оролцсон гурван Гранд Слам тэмцээнээсээ хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байсан Б.Баасанхүү болон Мастерсийн мөнгөн медальт Г.Наранцэцэг нар учраа таарсан. Тухайн тамирчид сар гаруй хугацааны өмнө Антальяагийн Гранд Сламын аваргын алтан медалийн өмнө хоорондоо барилдаж Г.Наранцэцэг торгуулиар цэвэр ялж байсан бол энэ удаад Б.Баасанхүү ялалт байгуулж анх удаагаа улсын аварга болсон. Харин -52 кг жинд Хилчин спорт хорооны тамирчин Б.Хорлоодой, -57 кг жинд Женко клубийн тамирчин М.Ичинхорлоо, -63 кг жинд та бидний сайн мэдэх улсын аварга гэх цолоо хамгаалан барилдсан Б.Ганхайч нар тус тус аваргалсан.
Эрэгтэй жингүүдийн хувьд хэд хэдэн онц сонирхолтой барилдаанууд болж өнгөрсөн бөгөөд -60 кг жинд Женко клубийн залуу тамирчин Б.Сүхбат бүх өрсөлдөгчдөө буулган авч Монгол улсын аварга болсон бол түүнтэй нэг клубийн тамирчин Э.Сумъяабазар мөнгөн медалийн эзэн болсон.
-66 кг жинд ОУХМ Г.Хэрлэн гэмтлийн улмаас энэ удаагийн УАШТ-ийг өнжсөн бөгөөд ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүүд улсын аварга болох сайхан боломж гарч ирсэн. Гэвч тэрбээр хагас шигшээ шатанд Алдар спорт хорооны тамирчин Б.Эрхэмбаярын эсрэг барилдаж байх үедээ шүүгчээс зөвшөөрөл авалгүй эмчийн тусламж авсан үйлдлээсээ болж ялалтаа хураалган алтан медалийн төлөө бус зөвхөн хүрэл медалийн төлөө барилдсан. Улмаар ялалтыг авсан Б.Эрхэмбаяр финалын шатанд -60 кг жингийн улсын аварга Л.Өнөболдыг ялж 2022 оны улсын аварга болсон. Харин сүүлийн жин болох -73 кг жинд “Токио 2020” олимпын наадмын хүрэл медальт Ц.Цогтбаатар зогсоогдошгүй байж дахин нэг удаа УАШТ-дээ түрүүлсэн.
Уг тэмцээнд түрүүлсэн тамирчин 1,000,000 төгрөг, хоёрдугаар байранд орсон тамирчин 500,000 төгрөг, гуравдугаар байранд орсон тамирчид 250,000 төгрөгийн мөнгөн шагналыг тус тус авч байгаа юм байна. Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 27-нд үлдсэн 7 жингийн барилдаанууд явагдаж хувийн жингүүдийн медальтнууд бүрэн тодорно.
Та бүхэнд тэмцээний эхний өдрийн медальтнуудын бүрэн жагсаалтыг хүргэж байна.
Эмэгтэй –48 кг
Алт – Б.Баасанхүү /Хөвсгөл аймаг/
Мөнгө – Г.Наранцэцэг /Алдар спорт хороо/
Хүрэл – Б.Ойдовчимэд /Женко клуб/
Хүрэл – Г.Бүрнээбаяр /Боржин клуб/
Эмэгтэй –52 кг
Алт – Б.Хорлоодой /Хилчин спорт хороо/
Мөнгө – А.Гал-Од /Алдар спорт хороо/
Хүрэл – М.Нандин-Эрдэнэ /Шинэбадрах клуб/
Хүрэл – П.Буянхишиг /Женко клуб/
Эмэгтэй –57 кг
Алт – М.Ичинхорлоо /Женко клуб/
Мөнгө – Л.Энхрийлэн /Сүлд спорт хороо/
Хүрэл – Б.Алтанцэцэг /Женко клуб/
Хүрэл – Ц.Хулан /Шинэ бадрах клуб/
Эмэгтэй –63 кг
Алт – Б.Ганхайч /Алдар спорт хороо/
Мөнгө – Б.Баасанжаргал /Хилчин спорт хороо/
Хүрэл – Ц.Сүнжидмаа /Женко клуб/
Хүрэл – С.Лхагвадулам /Аврагч спорт хороо/
Эрэгтэй –60 кг
Алт – Б.Сүхбат /Женко клуб/
Мөнгө – Э.Сумъяабазар /Женко клуб/
Хүрэл – Э.Ариунболд /Алдар спорт хороо/
Хүрэл – Б.Цогт-Очир /Хангарьд спорт хороо/
Эрэгтэй –66 кг
Алт – Б.Эрхэмбаяр /Алдар спорт хороо/
Мөнгө – Л.Өнөболд /Женко клуб/
Хүрэл – Ё.Басхүү /Хилчин спорт хороо/
Хүрэл – Ө.Бямбасүрэн /One team клуб/
Эрэгтэй –73 кг
Алт – Ц.Цогтбаатар /Сүлд спорт хороо/
Мөнгө – Л.Анхзаяа /Женко клуб/
Хүрэл – Г.Одбаяр /Женко клуб/
Хүрэл – О.Уранбаяр /Хэнтий аймаг/
П.Тамир