Монголын сагсан бөмбөгийн холбоо өнгөрсөн найман жилийн хугацаанд шийдвэрлээгүй асуудлаа нэг мөр цэгцэлж шинэ Ерөнхийлөгчөө томиллоо. Тус холбооны ээлжит бус нэгдсэн хурал хоёр хоногийн өмнө зохион байгуулагдаж, өмнөх (МСБХ)-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Тамир, Ц.Цэвэрбал нар албан үүргээ “Энержи ресурс” ХХК-ийн захирал Г.Батцэнгэлд шилжүүлсэн юм.
Дээрх ээлжит бус хурлын өмнөх өдөр бид Монголын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тамираас шигшээ багийн тамирчдын талаар утсаар тодруулга авснаа хүргэж байна.
- Олон жил тусдаа яригдаж байсан сагсан бөмбөгийн холбоод нэгдэж байна. Юун түрүүнд баяр хүргэе. Саяхан шигшээ багийн тамирчдын нэрийг дууджээ. Таны цахим хуудаснаас энэ тал дээр шүүмжлэлтэй байгаа талаар харсан. Өөрийн байр сууриас хуваалцаач?
- Миний зүгээс холбоод нэгдэж байгаад баяртай байгаа. Маргаашийн \2022.04.20\ хурлаар бид шинэ Ерөнхийлөгчөө томилох гэж байна.
Хурал болохоос өмнө Ц.Цэвэрбал өөрийн саналаар шигшээ багт тоглох тамирчдын бүрэлдэхүүнийг дуудсанд нь шүүмжлэлтэй хандсан нь үнэн. Учир нь миний бие 2014 онд сагсан бөмбөгийн холбоонд орсон цагаас хойш Монгол Улс Азийн наадамд 2014, 2018 онуудад хоёр ч удаа тамирчдаа авч явсан. Тэр үед шигшээ багт тоглох тамирчдын нэрийг хэзээ ч ганцаараа гаргаж байгаагүй.
Жишээлбэл, 2018 онд лигт оролцож байгаа долоон багийн дасгалжуулагч нараас саналыг нь аваад өөрсдөөр нь бөглүүлээд хамгийн их санал авсан 12 тамирчны нэрийг дуудаж байсан. Тэр нь хамгийн шударга. Нөгөөтээгүүр, энэ чинь нэг хүний саналаар явж болохгүй шүү дээ. Тиймээс хэний санал, шийдвэрээр дуудаж байна вэ? гэдэг дээр байр сууриа илэрхийлсэн нь энэ. Миний хувьд залуу тамирчдаар багаа бүрдүүлэх хэрэгтэй гэсэн байх суурьтай байгаа.
-Таны хувьд нэр нь дуудагдсан тамирчдын хувьд ямар бодолтой байна вэ?
-Шигшээ багт дуудагдсан 20 тамирчин чадваргүй биш чадвартай, гэхдээ бид залуу үеэ цус сэлбэж дараа дараагийн тэмцээнүүдээ бодохгүй бол болохгүй. Туршлагатай гээд ахмад тамирчдаа аваад энэ жил Азийн наадамд орлоо гэж бодъё. Дараа жил нь ахмад тамирчид маань тоглохоо боливол бөөн туршлагагүй хүмүүс дагуулж явах уу? Тэгж болохгүй, туршлагатай тамирчдаа, шинэ залуу тамирчдаа хамтад нь дуудах ёстой гэж бодож байна. Гадаадад тоглож байгаа 22-25 насны маш мундаг залуучууд байгаа. Тэднийг шигшээ багтаа дуудаад багаа бүрдүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, Тайваньд тоглож байгаа Д.Баясгалан, Э.Сугар-Очир, Э.Саруул-Эрдэнэ гээд гурван залуу бий. Тэднээс Д.Баясгалан гэдэг залуу Тайванийн лигт тоглохоор болсон байсан.
-Хэрэв таны зүгээс шигшээ багийн тамирчдад санал дэвшүүлвэл хэн хэнийг нэрлэх вэ?
-Миний зүгээс тодорхой 12 хүнийг яг одоо нэрлэхэд бол хэцүү. Гэхдээ эхнээс нь нэрлэвэл Т.Санчир, Б.Билгүүн, О.Сэргэлэн, А.Энхбаясгалан, Д.Дөлгөөнмөрөн, О.Эрдэнэцогт, Тайваньд байгаа Д.Баясгалан, Э.Сугар-Очир, Э.Саруул-Эрдэнэ, АНУ-д байгаа Ш.Энхийн-Од гэх мэтчилэн. Тэд чадваргүй биш чадвартай. Тиймээс дараа дараагийн удирдлагууд залуу үедээ боломжийг олгож, эдгээр залуу тамирчдаар багаа бүрдүүлээсэй гэсэн бодол байна. Шигшээ багийн тамирчдын нэрийг нэг хүний саналаар бус олонхийн саналаар хэлэлцэх ёстой.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (5)