Зуны дэлгэр цаг айлчлан ирж, найр хуримын сар ойртлоо. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Их наяд плазад байрлах “Triple event hall”-д “Our wedding” хуримын өдөрлөг зохион байгуулагдаж, хурим найрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагууд оролцсон юм.
Энэхүү өдөрлөгт хуримын зураг авалт, видео энтертайнмент чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Гэрэл фото студи” оролцлоо. Бид гэр бүл болохоор төлөвлөж буй хосууддаа зориулаад, дурсамж болон үлдэх хуримын зураг авалт, гэрэл зургийн цомогтоо юуг анхаарах ёстой талаар “Гэрэл фото студи”-ийн захирал Б.Золбоогоос тодрууллаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юун түрүүнд манай уншигчдад студийнхээ талаар танилцуулаач?
-Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Манай “Гэрэл фото студи”-ийн хувьд хуримын чиглэлээр дагнасан гэрэл зураг, видео энтертайнмент чиглэлээр долоо дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
-Удахгүй хуримаа хийхээр төлөвлөж буй хосууддаа зориулаад зөвлөгөө өгөөч, хүмүүс ихэвчлэн юун дээр алдаа гаргадаг вэ?
-Хосууд маань хуримлах өдөр болон хувцсандаа анхаарлаа хандуулаад гэрэл зурагт анхаарлаа хандуулах нь багасчихдаг. Зураг зуун жилийн дурсамж гэдэг дээ. Тийм ч учраас хуримын зураг, видеонд ач холбогдол өгснөөр эргээд танд үлдэх үнэ цэн, дурсамжийг үлдээж байдаг. Мөн сүүлийн үед байгальд хуримын зураг авалтаа хийдэг болоод байгаа. Гэвч хосууд маань хаана гоё, үзэсгэлэнтэй байгальтай байна вэ? хаашаа аялж зураг авалтаа хийх вэ гэдэг талаар мэдээлэл байдаггүй. Цаг нь тулчихсан хаашаа явахаа шийдээгүй үлдчихдэг. Тиймээс манай студийн зүгээс хосуудын саналыг сонсоод хаана зураг авалтаа хийвэл тохиромжтой вэ? гэдгээс гадна хуримын бүхий л зөвлөгөөг өгч ажиллаж байна.
-Хурим найрын улирал тун удахгүй эхлэх гэж байна. Хэдэн сард илүү их ачаалалтай байдаг вэ? Сайн өдрүүдэд найр хурим давхцах тохиолдол их гардаг. Ийм үед үйлчлүүлэгчиддээ юуг зөвлөх вэ?
-Жилийн гуравдугаар сараас аравдугаар сар хүртэл хуримын захиалга ачааллаа авч эхэлдэг. Харин найм, есдүгээр саруудад оргил ачаалалтай ажилладаг. Тиймээс ачааллаа тэнцүүлэхийн тулд хосууд маань эрт захиалгаа өгч, өдрөө баталгаажуулах хэрэгтэй. Мөн эрт захиалгаа өгвөл хямдрал урамшуулалд хамрагдах боломжтойгоос гадна, хүссэн өдрөө сонгох эрхтэй болж байгаа юм. Ингэж эртнээс графикийн дагуу хуримаа төлөвлөж, ачааллаа тэнцүүлэх нь маш чухал. Хэрэв үүн дээр алдаа гаргавал цаг тулсан үед олон зүйл зэрэг давхцаж, стресстэй хуримлах тохиолдол ч гардаг.
-Танай студийн хувьд жилд ойролцоогоор хэчнээн хуримын хүлээн авалтад ажилладаг вэ? танай үйл ажиллагааны багцад ямар үйлчилгээ багтсан бэ?
-Манай “Гэрэл фото студи” жилд дунджаар 100-150 хуримын арга хэмжээг зохион байгуулж ажилладаг. Хосууддаа зориулсан хэд хэдэн багцыг гаргасан байгаа. Үүний зураг авалтад байгалийн зураг авалт, хотын зураг авалт, шөнийн зураг авалт багтахаас гадна зургийн цомог, нээлтийн видео шторк, видео цуглуулга, хайрын түүх, аав ээждээ зориулсан хүндэтгэлийн үгс зэрэг үйлчилгээг санал болгож байна.
-Хосууддаа зориулсан хөнгөлөлт, урамшуулал санал болгож байгаа юу?
-Тэгэлгүй яахав. Энэ дөрөвдүгээр сарыг дуустал -10 хувийг хөнгөлөлтийг санал болгож байна. Бидэнтэй холбогдоод хуримын зөвлөгөө авахад нээлттэй байгаа шүү.
-Хуримлагч хосууддаа зориулж зөвлөгөө өгсөн танд баярлалаа.
Т.Мөнхжаргал