Бид энэ удаагийн ярилцлагын буландаа Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн долоон удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багын хамгаалан тоглогч Г.Насанжаргалтай ярилцлаа.
- Таны хувьд “Хасын хүлэгүүд” багт тоглосон эхний улирал байлаа. Юун түрүүнд уншигчид болон фанатуудынх нь зүгээс дээд лигийн аваргаар тодорсонд баяр хүргэе. Аварга авах үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач?
- Баярлалаа та бүхэнд. Өмнөх жилийн Play off дуусаад Пүрэвдорж ах “Дараа жил Хасын хүлэгүүд багаас тоглох уу?” гэдэг санал тавьсан. Миний хувьд энэ саналыг маш баяртайгаар хүлээж авсан төдийгүй том багт тоглоно гэдэг давхар хариуцлага байсан учраас өөртөө том зорилт тавьж, зорилгоо тодорхойлоод хувийн бэлтгэлээ сайтар хангасан. Аварга авах үед үгээр хэлэхийн аргагүй өндөр эмоцитой, юу болоод өнгөрснийг ч мэдэхгүй болчихсон. Бид аварга авна гэсэн зорилготой улирлаа эхлүүлсэн, түүндээ ч хүрлээ.
- Энэ улирал шинэ баг хамт олон, шинэ дасгалжуулагчийн удирдлага дор тоглолоо. Багын уур амьсгал, дотоод зохион байгуулалт хэр байв?
- Манай багын уур амьсгал үнэхээр “гоё”, халуун дотно байдаг. Түүгээр ч барахгүй Монголын топ тамирчид болох Б.Билгүүн ах, О.Сэргэлэн, Ц.Азбаяр ах нар маань бий. Анх багтаа ороод биеэ барьж байсан хэдий ч хугацаа өнгөрөхийн хэрээр дотно болж байсан. Одоо бол яг л ах дүүс шиг харилцаатай, ах нараасаа олон зүйл сурч байна даа. Б.Билгүүн ах маань “Энэ боломж бүгдэд олдоод байдаг боломж биш, тиймээс талбайд тоглож байх хугацаандаа өөрөөс гарах боломжуудаа шахаарай” гэж хэлж байсан.
- Хэзээнээс эхэлж сагсан бөмбөгд дурлаж эхлэв ээ?
- Анх наймдугаар ангиасаа Үүрээ багш дээрээ бэлтгэл хийж эхэлсэн. Харин 2016 онд ШУТИС- Шаркс багт, М.Амаржаргал багшийн удирдлага дор мэргэжлийн сагсан бөмбөг буюу дээд түвшний гараагаа эхлүүлсэн.
- Таныг Б.Үүрдсайхан багшийн шавь гэдэг. Энэ хүний шавь нараас чамгүй олон хүн дээд лигт тоглож байна. Багшийнхаа талаар ярилцвал?
- Миний хувьд сагсыг гадаа л тоглодог байлаа. Тэр үед манай үеийнхний дунд сагсан бөмбөгийн тэмцээн болоод найзуудтайгаа орж байсан. Тэмцээний дараа Үүрээ багш маань бэлтгэлд ирж хамрагдаарай гэсэн. Ингээд л багшдаа шавь орсон доо. Бидэнд сайхан дурсамжууд их бий. Манай багш ер нь диктатур өндөртэй, тамирчдаас сахилга бат шаарддаг, тиймдээ ч олон сайн шавь нартай.
- Шинэ улиралд “Хасын хүлэгүүд” баг ямар зорилго, төлөвлөгөө тавьж байна вэ? Багын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох уу? Та энэ багтаа тоглох уу?
- Саяхан аваргын хүлээн авалт маань болж өнгөрлөө. Ерөнхий төлөвлөгөө, чиглэлээ аваад явж байна. Одоогоор дараагийн ивээн тэтгэгч байгууллагуудаа судлах шатандаа явж байна. Үүний дараагаар дараа улирлын төлөвлөгөөг танилцуулах, тамирчидтай гэрээ байгуулах үйл ажиллагаа болно. Миний хувьд энэ багаасаа тоглох бодолтой байгаа.
- Энэ сарын 02-нд аваргын хүлээн авалт өргөн цар хүрээнд боллоо. Монголд бараг анх удаа ийм хүлээн авалт боллоо гэж харсан. Үзэгч фанаттайгаа уулзах мөч, хүлээн авалтын сэтгэгдэл хэр өндөр байсан бэ?
- Тийм ээ. Аваргын хүлээн авалт гайхалтай болж өнгөрлөө, сэтгэл ханамж маш өндөр байна. Энэ арга хэмжээн дээр багын гурван гишүүний хамтаар “Спортын мастер” цол гардаж авлаа. Бид энэхүү хүлээн авалтыг цаашдаа аварга авсан багууддаа жишиг болгох зорилготой эхлүүлсэн. Манай “Хасын хүлэгүүд”-ийн фанатууд үнэхээр күүл. Идэвхтэй, тоглолтуудыг маань алгасахгүй үзнэ, сайн үйлсийн аян зохион байгуулна. Тоглолттой өдөр зүүн урд талын булан дүүрэн байдаг даа.
- Цолоо ахиулсанд нь баяр хүргэе. Спортын амьдралыг гэр бүлийнхэн нь хэр дэмжиж байна вэ?
- Гэр бүл маань бүгд сайн дэмждэг, ойлгодог. Финалын дөрөв дэх тоглолтыг үзэх гэж аав, ээж маань Багануураас ирж үзсэн. Би чинь хүү, охин хоёр ихрийн аав, өглөө ажилдаа яваад, орой бэлтгэл гээд бараг хүүхдүүдээ унтсаны дараа орж ирнэ. Гэр бүлдээ зарцуулах цаг цалгардах гээд байдаг талтай. Энэ бүхэнд эхнэр маань миний ар талыг бат хариуцдаг ганц хүн дээ. Энэ завшааныг ашиглаад эхнэртээ баярлалаа гэж хэлье.
- Тэгэлгүй яахав. Таны хувьд 77 дугаартай тоглодог. Энэ ямар учиртай тоо вэ?
- Би долоо дугаарт дуртай. Анх Багануур тулнууд багт тоглохдоо долоо дугаар авах гэсэн ч давхацсан учраас хоёр долоо буюу 77 дугаартай тоглох болсон. Түүнээс хойш долоогоос илүү 77 дугаартаа их дуртай болсон.
- Дээд лигийн финалд хэд дэх удаагаа шалгарч байна вэ?
- Дээд лигийн хувьд энэ улирал анхны удаа финалдлаа. Өмнө нь ШУТИС-Шаркс, Багануур тулнууд багт байхдаа Play off-д шалгарч байсан. Тухайн үеийн сүүлийн тоглолтууддаа Хасын хүлэгүүд багтай таарч байсан. Тэр үед Багануураас ирээд Бямбаа ахын бэлтгэлийг хараад ангайж байсан бол найман жилийн дараа өөрөө орж тоглоод, аварга авахад сайхан байлаа.
- Энэ улирлын хамгийн гоё, санаанаас гарахааргүй тоглолт хэд дэх тоглолт байв?
- Финалын хоёр дахь тоглолтын дөрөвдүгээр үед манай баг 18 оноогоор хожигдож байсан ч зургаан минут орчимд оноогоо бариад, нэмэлт цаг сунгаад хожсон. Эхний үеүдэд багын тоглолт маань сайн гарч өгөхгүй байсан. Дасгалжуулагч маань хамгаалалтаа сайжруулахыг үүрэг болгож, урдаас шахсан хамгаалалт өгөөд, өөрөө тоглохоос илүү багын бусад тоглогчдоо тоглуулахыг тулд бүгд хичээсэн. Хожсондоо өөрөө ч итгэж өгөхгүй, үнэхээр их баярласан.
- Тоглолтын үед дасгалжуулагчаас ямар үүрэг даалгавар ирж байсан бэ?
- Тоглолтын үед эсрэг багын холбон тоглогчийн довтолгоог тайван байлгах биш, аль болох замбараагүй довтолгоо болгохын тулд илүү шахсан хамгаалалтыг үзүүлдэг. Энэ нь ч миний үүрэг.
- Г.Насанжаргал хэр шартай вэ, шатаж тоглодог уу?
- Би их шартай, хожигдох дургүй. Тэр үедээ уураа зөвөөр гаргахыг илүү хичээдэг. Шатах үедээ хяналтаа алдаж, тоглолтоос гарах гээд байдаг талтай. Манай Ц.Азбаяр, О.Сэргэлэн ах нар маань ийм үед зөвлөж, тоглолтод оруулдаг. Аль болох тайван байхыг хичээдэг дээ.
- Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багт таны нэр дуудагдсан байсан. Яаж хүлээж авсан бэ? Тоглолтын бэлтгэлдээ орсон уу?
- Шигшээ багын 20 тамирчны нэгээр дуудагдана гэдэг гэнэтийн бэлэг байлаа. Фэйсбүүк дээр баахан мэдэгдэл ирээд мэдсэн. Нэг талаараа энэ бол том хариуцлага гэж харж байгаа. Одоогоор хараахан бэлтгэл эхлээгүй байна.
- Таны хувьд Мобиком корпорацад ямар ажил эрхэлдэг вэ? Улирлын тоглолтын үед ч юм уу ажил, бэлтгэлээ хэрхэн зохицуулж байсан бэ?
- Мобиком корпорацад 2019 оноос хойш сайтын дэд бүтцийн инженерээр ажиллаж байна. Ажлын хамт олон маань тамирчны хувьд 200 хувь дэмждэг. Тоглолттой үед аль болох чөлөөлж,ажиллах цагийг маань уян хатан нөхцөлөөр дэмждэг. Мөн удахгүй шигшээ багийн бэлтгэл эхлэх гэж байна. Удирдлагын зүгээс аль болох бэлтгэл сургуулилтыг маань бүрэн хангахад дэмжиж ажиллахыг хичээнэ гэсэн хариу өгсөн.
- Урилга хүлээн авч энэ хүртэл ярилцсанд баярлалаа. Ярилцлагын төгсгөлд уншигчдадаа хандаж юу гэж хэлэх вэ?
- Хичээл зүтгэлтэй минь хамт байсан гэр бүл, ажлын хамт олон, багынхан болон фанатууддаа баярлалаа.
Т.Мөнхжаргал